Азийн спортын XI наадам "Бээжин 1990"
Иракийн дайчид Кувейт рүү халдах үеэр Азийн олимпын зөвлөлийн (OCA) ерөнхийлөгч Шейх Фахад Аль-Сабах амь үрэгджээ. ОСА-гийн төв штаб Кувейтээс Англи руу дүрвэж, ерөнхий захирал Мутталеб Ахмад хамаг ачааг нуруун дээрээ үүрэх болов. Ийм л түгшүүртэй үед Азийн спортын XI наадам БНХАУ-ын Бээжин хотноо явагдсан билээ. 1990 оны есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 7-ны хооронд өрнөсөн уг наадамд 37 орны 4755 тамирчин спортын 27 төрөлд 308 багц медалийн төлөө хурд хүчээ сорив.
“Сөүл-1986” наадмыг улс төрийн шалтгаанаар бойкотлосон социалист орнууд (Монгол, Ардчилсан Солонгос, Вьетнам) болон 1974 оноос хойш оролцоогүй Тайвань буцаж ирлээ. Наадмын хөтөлбөрт каноэ завь, кабадди, сепак такрау, софтбол, үшү албан ёсоор, бейсбол, софт теннис үзүүлэх тоглолтоор анх удаа багтав.
Хэдий цөвүүн цагт тохиосон ч “Бээжин-1990” нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн шилдгийн тоонд зүй ёсоор багтдаг. Зохион байгуулагч орныхон ч гайхамшигтай ялалтад хүрч, алтан медалийнхаа бараг 60 хувийг хил давуулсангүй.
Монголын баг тамирчид Бээжинд МҮОХ-ны ерөнхийлөгч С.Болдоор удирдуулан өнөр бүрэлдэхүүнтэй оролцов. Спортын 9 төрөлд (байт харваа, буудлага, хөнгөн атлетик, чөлөөт бөх, дугуй, спортын гимнастик, бокс, жүдо, хүндийн өргөлт) 58 тамирчин, 14 дасгалжуулагч, 2 шүүгчтэйгээр оролцсон байна.
Бээжингийн дэвжээнээс Монголын тамирчид 1 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 12-т бичигджээ. Чөлөөт бөхийн 82 кг-д Пунцагийн Сүхбат илт тасархай түрүүлсэн бол дугуйчин Д.Төмөр-Очир, наадмын нээлтэд төрийн далбаагаа залсан жүдоч Б.Бат-Эрдэнэ нар хос медальтай ирсэн. Чөлөөтийн 10 тамирчин 1 алт, 4 мөнгө, 2 хүрэл зүүж, багийн уралдаанд Монголын дугуйчид мөнгөн медалиар энгэрээ мялааж, боксчин Б.Алтангэрэл алтан медалиа будлиантайгаар алдсан зэрэг олон зүйл тохиож байв.
Монголын багийн медальтнууд
№ | Нэрс | Төрөл | Ангилал | Амжилт |
1 | П.Сүхбат | чөлөөт бөх | 82 кг | алт |
2 | Б.Бат-Эрдэнэ | жүдо | +95 кг | мөнгө |
3 | Д.Мөнхбат, Б.Хаянхярваа, Д.Төмөр-Очир, Д.Жаргалсайхан | дугуйн баг | эрэгтэй | мөнгө |
4 | А.Цэдэнсодном | чөлөөт бөх | 57 кг | мөнгө |
5 | Ло.Энхбаяр | чөлөөт бөх | 74 кг | мөнгө |
6 | Б.Жавхлантөгс | чөлөөт бөх | 100 кг | мөнгө |
7 | А.Баатархүү | чөлөөт бөх | 130 кг | мөнгө |
8 | Б.Алтангэрэл | бокс | 75 кг | мөнгө |
9 | Ц.Хосбаяр | чөлөөт бөх | 48 кг | хүрэл |
10 | Ч.Бямбадорж | чөлөөт бөх | 90 кг | хүрэл |
11 | Э.Цогтжаргал | бокс | 48 кг | хүрэл |
12 | Ц.Цэрэнням | бокс | 51 кг | хүрэл |
13 | Н.Алтанхуяг | бокс | 57 кг | хүрэл |
14 | Д.Ганзориг | бокс | -91 кг | хүрэл |
15 | Д.Төмөр-Очир | дугуй | цуваа | хүрэл |
16 | Д.Баттулга | жүдо | 65 кг | хүрэл |
17 | А.Буянжаргал | жүдо | 71 кг | хүрэл |
18 | Б.Бат-Эрдэнэ | жүдо | үнэмлэхүй | хүрэл |
Медаль хүртсэн орнууд
№ | Улсын нэрс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | БНХАУ | 183 | 107 | 51 | 341 |
2 | БНСУ | 54 | 54 | 73 | 181 |
3 | Япон | 38 | 60 | 76 | 174 |
4 | БНАСАУ | 12 | 31 | 39 | 82 |
5 | Иран | 4 | 6 | 8 | 18 |
6 | Пакистан | 4 | 1 | 7 | 12 |
7 | Индонез | 3 | 6 | 21 | 30 |
8 | Катар | 3 | 2 | 1 | 6 |
9 | Тайланд | 2 | 7 | 8 | 17 |
10 | Малайз | 2 | 2 | 4 | 8 |
11 | Энэтхэг | 1 | 8 | 14 | 23 |
12 | Монгол | 1 | 7 | 9 | 17 |
13 | Филиппин | 4 | 5 | 9 | 18 |
14 | Сири | 1 | - | 2 | 3 |
15 | Оман | 1 | - | - | 1 |
16 | Тайвань | - | 10 | 21 | 31 |
17 | Хонконг | - | 2 | 5 | 7 |
18 | Шриланка | - | 2 | 1 | 3 |
19 | Сингапур | - | 1 | 4 | 5 |
20 | Бангладеш | - | 1 | - | 1 |
21 | Мьянмар | - | - | 1 | 1 |
22 | Лаос | - | - | - | - |
23 | Макао | - | - | - | - |
24 | Балба | - | - | - | - |
25 | Саудын Араб | - | - | - | - |
Нийт | 313 | 312 | 358 | 983 |