Азийн спортын XIV наадам "Бусан 2002"
Шар тивийнхний их тулаан 2002 оны аравдугаар сарын 2-16-нд БНСУ-ын далайн боомт хот Бусанд боллоо. Азийн наадам ийнхүү түүхэндээ хоёр дахь удаагаа нийслэл бус хотод айлчлав. Бусан хот өмнө нь 1997 онд Зүүн Азийн наадмыг зохион байгуулсан туршлагатай.
“Бусан-2002”-д Азийн 44 орны 9782 тамирчин дасгалжуулагч оролцсоны дунд Афганистан урт хугацааны дайнаасаа эргэн ирж, Зүүн Тимор анхны наадамдаа тоосоо өргөжээ. Тамирчид байт харваа, хөнгөн атлетик, бадминтон, бейсбол, сагсан бөмбөг, бильярд, боулинг, бокс, каноэ, дугуй, морин спорт, туялзуур сэлэм, хөлбөмбөг, гольф, гимнастик, гандбол, зүлэгний хоккей, жүдо, кабадди, каратэ-до, сэлүүрт завь, рагби, сепактак-рау, буудлага, софтбол, софт теннис, сквош, усанд сэлэлт, ширээний теннис, таеквондо, теннис, волейбол, хүндийн өргөлт, бөх, үшү, орчин үеийн таван төрөлт, далбаат завь, бодибилдинг зэрэг 38 төрлөөр 420 иж медалийн төлөө өрсөлдөв.
МҮОХ-ны генсек Ц.Дамдингаар ахлуулсан Монгол Улсын багт 18 спортын 136 тамирчин, 37 дасгалжуулагч багтсан нь урьд өмнөх наадмын бүрэлдэхүүнээс үлэмж ахисан хэрэг байлаа. Таеквондо, каноэ, сагс, гандбол, бодибилдинг, бадминтоноор анх удаа монгол тамирчин Азийн наадамд өрсөлдлөө.
Нэг алт, нэг мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн Монголын баг 44 орноос 26-д бичигдэв. Алтан медалийг чөлөөт бөхийн О.Пүрэвбаатар, мөнгийг жүдоч Ц.Очирбат зүүсэн. Хэдхэн хоногийн өмнө ДАШТ-ий хүрэл медалиар энгэрээ мялаагаад байсан О.Пүрэвбаатар Бусанд ирсэн хойноо хүрэл нь мөнгө рүү “дэвшсэн” мэдээ дуулжээ. Тэрбээр яг энэ хотод Зүүн Азийн наадмын аварга цол (1997 онд) хүртэж байв.
“ТОР-4”-өөс боксчид медальгүй мултарч, мэргэн буучдын нэрийг О.Гүндэгмаа “цээжээрээ хамгааллаа”. Харин үшүгийн тулааны төрөлд хос хүрэл хүртсэнээр Монголын багийн медальтай төрлийн тоо 7-д хүрсэн түүхтэй. Өмнө нь бөх (чөлөөт, сонгомол), бокс, хөнгөн атлетик, буудлага, дугуй, жүдогоор медаль зүүгээд байжээ.
Азийн наадмаас зургаахан медалиар энгэрээ мялаагаад байсан (Тегеранд 1, Хирошимад 2, Бангкокт 3) Монголын эмэгтэй тамирчид Бусанд нэн одтой наадсан. Тэд долоон хүрэл медаль зүүсэн юм.
Х.Эрдэнэт-Од, О.Пүрэвбаатар, О.Гүндэгмаа, Э.Долгормаа нар Азийн наадмын 2 ба түүнээс олон медальтны жагсаалтад орж ирлээ. Өмнөх олон медальтныг нэрлэвэл: Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, З.Ойдов, А.Баатархүү, Г.Ганзориг, Д.Төмөр-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Цогтбаяр, Д.Мөнхбаяр, Д.Баттулга, Х.Болдбаатар, С.Дашдулам.
Нөгөөтэйгүүр нэгэн наадмаас хос медалиар энгэрээ мялаагсдын эгнээнд жүдоч Э.Долгормаа нэмэгдлээ. Тэд тун цөөхүүлээ ч өөр өөр спортынх. Чөлөөт бөхийн Х.Баянмөнх, буудлагын Г.Ганзориг, дугуйчин Д.Төмөр-Очир, жүдоч Б.Бат-Эрдэнэ (2 удаа) нар ийм амжилт үзүүлж байв.
Монголын багийн медальтнууд
№ | Нэрс | Төрөл | Хүйс | Ангилал | Амжилт |
1 | О.Пүрэвбаатар | чөлөөт бөх | эр | 58 кг | алт |
2 | Ц.Очирбат | жүдо | эр | 90 кг | мөнгө |
3 | Э.Долгормаа | жүдо | эм | нэмэх 78 кг | мөнгө |
4 | Э.Долгормаа | жүдо | эм | үнэмлэхүй | хүрэл |
5 | Г.Дашдаваа | жүдо | эм | 66 кг | хүрэл |
6 | Д.Нямхүү | жүдо | эм | 81 кг | хүрэл |
7 | Х.Эрдэнэт-Од | жүдо | эм | 57 кг | хүрэл |
8 | Ц.Энхжаргал | чөлөөт бөх | эм | 48 кг | хүрэл |
9 | Т.Мягмарсүрэн | чөлөөт бөх | эм | 63 кг | хүрэл |
10 | Н.Отгонжаргал | чөлөөт бөх | эм | 55 кг | хүрэл |
11 | О.Гүндэгмаа | спорт гар буу | эм | 25 метр | хүрэл |
12 | Н.Баярмагнай | чөлөөт бөх | эр | 63 кг | хүрэл |
13 | Ө.Саруул-Од | үшү саншо | эр | 56 кг | хүрэл |
14 | М.Батжаргал | үшү саншо | эр | 70 кг | хүрэл |
Медаль хүртсэн орнууд
№ | Улсын нэрс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | БНХАУ | 150 | 84 | 74 | 308 |
2 | БНСУ | 96 | 80 | 84 | 260 |
3 | Япон | 44 | 74 | 72 | 190 |
4 | Казахстан | 20 | 26 | 30 | 76 |
5 | Узбекистан | 15 | 12 | 24 | 51 |
6 | Тайланд | 14 | 19 | 10 | 43 |
7 | Тайвань | 10 | 17 | 25 | 52 |
8 | Энэтхэг | 1 | 12 | 13 | 35 |
9 | БНАСАУ | 9 | 11 | 13 | 33 |
10 | Иран | 8 | 14 | 14 | 36 |
11 | Саудын Араб | 7 | 1 | 1 | 9 |
12 | Малайз | 6 | 8 | 16 | 30 |
13 | Сингапур | 5 | 2 | 10 | 17 |
14 | Индонез | 4 | 7 | 12 | 23 |
15 | Вьетнам | 4 | 7 | 7 | 18 |
16 | Хонконг | 4 | 6 | 11 | 21 |
17 | Катар | 4 | 5 | 8 | 17 |
18 | Филиппин | 3 | 7 | 16 | 26 |
19 | Бахрейн | 3 | 2 | 2 | 7 |
20 | Киргизстан | 2 | 4 | 6 | 12 |
21 | Кувейт | 2 | 1 | 5 | 8 |
22 | Шри-ланка | 2 | 1 | 3 | 6 |
23 | Пакистан | 1 | 6 | 6 | 13 |
24 | Мьянмар | 1 | 5 | 6 | 12 |
25 | Туркменистан | 1 | 2 | 1 | 4 |
26 | Монгол | 1 | 1 | 12 | 14 |
27 | Ливан | 1 | - | - | 1 |
28 | Тажикстан | - | 2 | 4 | 6 |
29 | Макао | - | 2 | 2 | 4 |
30 | Арабын Эмират | - | 2 | 1 | 3 |
31 | Бангладеш | - | 1 | - | 1 |
32 | Сири | - | - | 3 | 3 |
33 | Балба | - | - | 3 | 3 |
34 | Лаос | - | - | 2 | 2 |
35 | Иордан | - | - | 2 | 2 |
36 | Афганистан | - | - | 1 | 1 |
37 | Иемен | - | - | 1 | 1 |
38 | Бруней | - | - | 1 | 1 |
39 | Палестин | - | - | 1 | 1 |
Нийт | 427 | 421 | 502 | 1350 |