Залуучуудын олимпын наадам
Австрийн иргэн, аж үйлдвэрийн менежер Йохан Розензофф 1998 онд залуучуудын дунд олимпын наадам явуулах санааг анх дэвшүүлжээ. Хүүхдүүдийн таргалалт нэмэгдсэн, спортоор хичээллэх нь багассан зэрэг шалтгааны улмаас тэдний дунд спортын наадам зохион байгуулах санал гаргасан байна. Тэрбээр Австрийн ҮОХ, ОУОХ-ны төлөөлөлтэй хүртэл уулзаж, өөрийн дэвшүүлсэн санаа, хэрэгжүүлэх арга замыг сурталчлах болов. Гэвч тухайн үед эл санаа олонхын дэмжлэг авч чадсангүй.
Залуучуудын спортын хуанли шахуу болчихвол ачаалал нэмэгдэнэ гэх болгоомжлол байв. Нөгөөтэйгүүр наадам зохион байгуулах зардал хэт өндөр байсан нь бусдыг болгоомжлоход хүргэсэн юм.
Гэхдээ эцэст нь ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге түүний санааг дэмжиж, 2007 онд болсон ОУОХ-ны чуулганаар хэлэлцүүлэв. Ингээд ОУОХ-ны гишүүдийн олонх дэмжсэнээр өвөл, зуны олимпын жижгэрүүлсэн хувилбар болох залуучуудын олимпын наадам биеллээ олох үндэс тавигджээ.
Наадам үндсэн олимпынхоо нэгэн адил дөрвөн жил тутам сөөлжлөн зохиогдохоор төлөвлөсөн байна.
Европын залуучуудын фестивал, Австралийн залуучуудын олимпын фестивал болон өмнө нь ганц зохиогдоод орхигдсон Дэлхийн залуучуудын наадмуудыг нэгтгэсэн хувилбар нь залуучуудын олимп болжээ.
Залуучуудын олимп нь ОУОХ-ны 8 дахь ерөнхийлөгч Жак Роггегийн хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын нэгд тооцогддог.
2010-2020 оны хооронд залуучуудын олимпын оролцогч 911 тамирчин хожим томчуудын олимпод хүчээ сорьсон бөгөөд тэднээс 109 нь медаль хүртсэн гэх статистик бий. Энэ нь залуучуудын олимп өсвөр, залуу тамирчдыг спортын замд хөтлөн оруулах гүүр болж чадсаны баталгаа юм.