Азийн VII наадам "Тегеран 1974"
Түүхэнд анх удаа Азийн баруун хэсэгт (Ойрх Дорнодод) болсон уг наадамд 25 орны 3010 тамирчин спортын 16 төрөлд хурд хүчээ сорив. Наадам 1974 оны есдүгээр сарын 1-16-нд Ираны нийслэлд болжээ.
25 орны ҮОХ тамирчдаа илгээсэн нь урьд өмнө дуулдаагүй их тоо болж, социалист баримжаатай БНХАУ (Тайвань энэ наадмаас эхлэн Хятад нэрээр орохоо зогсоов), Ардчилсан Солонгос, Монголын баг наадамд анх удаа оролцов. Наадмын хөтөлбөрт гимнастик, туялзуур сэлэмний спорт, техник технологт нь гүйлтийн тартан зам, фото-финишийн камерийг анх удаа багтаажээ. Түүнчлэн “Мюнхен-1972” олимпын хэрэг явдлаас сургамж авч, аюулгүй байдлыг дээд зэргээр хангав.
Арабын орнууд эрс эсэргүүцэж байсан ч Израилийг наадамд оролцуулахаар болсон бөгөөд БНХАУ, Пакистан, Ардчилсан Солонгосын теннис, туялзуур сэлэм, сагсан бөмбөг, хөлбөмбөгчид Израильтай халз тулахаас татгалзжээ.
Медалийн тоогоор Япон (75 алт, 48 мөнгө, 51 хүрэл, нийт 175) тэргүүлж, нутгийн эзэн Иран (36-28-17=81), шинэ цэрэг БНХАУ (33-45-28=106) удаалав.
Азийн олимпын их гэр бүлд анх удаа багтсан Монголын багийг тухайн үед БТСЭТЗ-ийн дарга байсан Шагдаржавын Магван ахалж, зургаан төрлийн 28 тамирчин, 5 дасгалжуулагч, 1 шүүгч, механикийн бүрэлдэхүүнтэйгээр оролцоод 2 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ. Зөвхөн хүндийн өргөгчид медальгүй ирсэн байна.
Чөлөөт бөхийн шигшээ багийнхан Туркийн Истанбулд болсон ДАШТ-д амжилттай оролцсоны дараагаар (З.Ойдов алт, Х.Баянмөнх мөнгө, Ц.Нацагдорж хүрэл) Иранд хүрэлцэн очжээ. Тэд Азийн наадамд 11-үүлээ очоод ес нь 10 медаль хүртэж, тэр бүрийд гардаггүй өвөрмөц амжилтын эзэн болж байв.
Азийн наадмын анхны медальтнууд
№ | Нэрс | Төрөл | Ангилал | Амжилт |
1 | Д.Цэрэнтогтох | чөлөөт бөх | 90 кг | алт |
2 | Х.Баянмөнх | чөлөөт бөх | -100 кг | алт |
3 | С.Гомбо | бокс | 57 кг | мөнгө |
4 | З.Ойдов | чөлөөт бөх | 62 кг | мөнгө |
5 | Д.Сэрээтэр | чөлөөт бөх | 74 кг | мөнгө |
6 | Х.Баянмөнх | сонгомол бөх | -100 кг | мөнгө |
7 | Д.Намжилмаа | хөнгөн атлетик | мөнгө | |
8 | Б.Ганбат | бокс | 54 кг | хүрэл |
9 | Т.Мягмаржав | буудлага | хүрэл | |
10 | Ж.Мөнхбат | сонгомол бөх | 90 кг | хүрэл |
11 | О.Энхтайван | чөлөөт бөх | 48 кг | хүрэл |
12 | Ц.Нацагдорж | чөлөөт бөх | 68 кг | хүрэл |
13 | Д.Цэрэндаш | чөлөөт бөх | 82 кг | хүрэл |
14 | Д.Адъяатөмөр | чөлөөт бөх | +100 кг | хүрэл |
15 | С.Жамъян, Д.Төртогтох, Ш.Жамбал, Ш.Ёндондаш | дугуйн баг | эрэгтэй баг | хүрэл |
Медаль хүртсэн орнууд
№ | Улсын нэрс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | Япон | 75 | 49 | 51 | 175 |
2 | Иран | 36 | 28 | 17 | 81 |
3 | БНХАУ | 33 | 46 | 27 | 106 |
4 | БНСУ | 16 | 26 | 15 | 57 |
5 | БНАСАУ | 15 | 14 | 17 | 46 |
6 | Израиль | 7 | 4 | 8 | 19 |
7 | Энэтхэг | 4 | 12 | 12 | 28 |
8 | Тайланд | 4 | 2 | 8 | 14 |
9 | Индонез | 3 | 4 | 4 | 11 |
10 | Монгол | 2 | 5 | 8 | 15 |
11 | Пакистан | 2 | - | 9 | 11 |
12 | Шри Ланка | 2 | - | - | 2 |
13 | Сингапур | 1 | 3 | 7 | 11 |
14 | Бирм | 1 | 2 | 3 | 6 |
15 | Ирак | 1 | - | 5 | 6 |
16 | Филиппин | - | 2 | 12 | 14 |
17 | Малайз | - | 1 | 4 | 5 |
18 | Кувейт | - | 1 | - | 1 |
19 | Афганистан | - | - | 1 | 1 |
Бүгд | 202 | 199 | 208 | 609 |