Азийн спортын XII наадам "Хирошима 1994"
Азийн спортын наадам түүхэндээ анх удаа улсын нийслэл бус хотод 1994 оны аравдугаар сарын 2-16-нд явагдлаа.
Азийн олимпын зөвлөлийн шинэхэн ерөнхийлөгч Шейх Ахмад Аль-Сабах (аав Аль-Фахадыгаа залгамжлагч) анхны томоохон сорилттой энд учрав. “Хирошима-1994”-т Азийн 42 орны 6828 тамирчин спортын 34 төрөлд 335 иж медалийн төлөө өрсөлдлөө. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс тасарсан Казахстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан анх удаагаа шар тивийн шалгаруулалтад тоосоо өргөсөн бол Камбож иргэний дайны улмаас 20 жил завсарласны эцэст эргэж ирэв.
СТАН-ууд орж ирснээр Азийн спортын наадам илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болж ирсэн. Наадмын хөтөлбөрт бейсбол, каратэ-до, орчин үеийн таван төрөлт, софт теннис анх удаа багтжээ.
МҮОХ-ны генсек С.Сайнцогоор удирдуулсан Монголын баг тамирчид “Бээжин-1990” наадмаас бараг хоёр дахин олон тамирчинтайгаар Хирошимад очжээ. Энэ удаа 15 спортын төрөлд өрсөлдөхөөр 105 тамирчин, 17 дасгалжуулагч, 3 шүүгч эх орноо төлөөлсөн билээ. Байт харваа, бокс, чөлөөт бөх, буудлага, дугуй, жүдо, гимнастик, хөнгөн атлетик, хүндийн өргөлтөөс гадна бейсбол, волейбол, софт теннис, усанд сэлэлт, үшү, ширээний теннис зэрэг спортын төрлүүд Монголын багийг тодотгож байв.
Үлэмж бүрэлдэхүүнтэй Монголын баг Хирошимад даруухан амжилт гаргаж, ердөө есөн медаль (1 алт, 2 мөнгө, 6 хүрэл) хүртжээ. Сахилга батын улмаас тэр жилийнхээ ДАШТ-ийг өнжөөд байсан Цэрэнбаатарын Цогтбаяр чөлөөтийнхний “алтын уламжлал”-ыг тасалсангүй. Заавал алт зүүх амлалт үүрэг авч, зардлаа даалгасан Цогоо ийн хэлсэндээ хүрсэн түүхтэй. Боксынхон анх удаа Азийн наадмаас медальгүй буцаж, жүдогийнхон дөрвөн хүрэлтэйгээ эвлэрч, Б.Бат-Эрдэнэ Азийн наадмаас гурван медаль зүүсэн анхны монгол тамирчнаар тодров.
Монголын багийн медальтнууд
№ | Нэрс | Төрөл | Хүйс | Ангилал | Амжилт |
1 | Ц.Цогтбаяр | чөлөөт бөх | эр | 57 кг | алт |
2 | Д.Мөнхбаяр | буудлага | эр | 10 м хийн буудлага | мөнгө |
3 | Т.Зүүнбаян | чөлөөт бөх | эр | 48 кг | мөнгө |
4 | Б.Баттогтох | чөлөөт бөх | эр | 100 кг | хүрэл |
5 | Д.Баттулга | жүдо | эр | 65 кг | хүрэл |
6 | Х.Болдбаатар | жүдо | эр | 71 кг | хүрэл |
7 | Б.Бат-Эрдэнэ | жүдо | эр | үнэмлэхүй | хүрэл |
8 | Б.Бат-Эрдэнэ | жүдо | эр | +95 кг | хүрэл |
9 | С.Дашдулам | жүдо | эм | үнэмлэхүй | хүрэл |
Медаль хүртсэн орнууд
№ | Улсын нэрс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | БНХАУ | 125 | 83 | 58 | 266 |
2 | Япон | 64 | 75 | 79 | 218 |
3 | БНСУ | 63 | 56 | 64 | 183 |
4 | Казахстан | 25 | 26 | 26 | 77 |
5 | Узбекистан | 10 | 11 | 19 | 40 |
6 | Иран | 9 | 9 | 8 | 26 |
7 | Тайвань | 7 | 12 | 24 | 43 |
8 | Энэтхэг | 4 | 3 | 15 | 22 |
9 | Малайз | 4 | 2 | 13 | 19 |
10 | Катар | 4 | 1 | 15 | 20 |
11 | Индонез | 3 | 12 | 11 | 26 |
12 | Тайланд | 3 | 9 | 13 | 25 |
13 | Сири | 3 | 3 | 1 | 7 |
14 | Филиппин | 3 | 3 | 8 | 13 |
15 | Кувейт | 3 | 2 | 5 | 9 |
16 | Саудын Араб | 1 | 1 | 5 | 9 |
17 | Туркменистан | 1 | 3 | 3 | 7 |
18 | Монгол | 1 | 3 | 6 | 9 |
19 | Сингапур | 1 | 2 | 5 | 7 |
20 | Вьетнам | 1 | 1 | - | 3 |
21 | Хонконг | - | 2 | 7 | 12 |
22 | Пакистан | - | 5 | 6 | 10 |
23 | Киргистан | - | 4 | 5 | 9 |
24 | Иордан | - | 2 | 2 | 4 |
25 | Арабын Эмират | - | 1 | 3 | 4 |
26 | Макао | - | 1 | 1 | 2 |
27 | Шриланка | - | 1 | 1 | 2 |
28 | Бангладеш | - | 1 | - | 1 |
29 | Бруней | - | - | 2 | 2 |
30 | Мьянмар | - | - | 2 | 2 |
31 | Балба | - | - | 2 | 2 |
32 | Тажикистан | - | - | 2 | 2 |
Нийт | 335 | 335 | 411 | 1069 |