"London 2012"
Зуны XXX олимпыг зохион байгуулахын төлөө Лондон, Парис, Нью-Йорк, Мадрид, Москва гэсэн хөгжлөөрөө дэлхийд дээгүүр бичигдэх таван хот өрсөлджээ. Тооцооны гадна байсан Мадрид хот хоёрдугаар шатанд хамгийн өндөр санал авч, бүгдийг гайхшируулсан ч удалгүй бүх зүйл ном журмандаа орж, Лондон, Парис тунаж үлдэв. Улмаар Ерөнхий сайд Т.Блэйрээр удирдуулж, хөлбөмбөгч Д.Бекхэмийг сурталчилгааныхаа нүүр царай болгосон лондончууд эцсийн шатанд 54:50-иар ялалт байгуулж, зуны олимпыг гурвантаа хүлээн авсан анхны хот болжээ.
Өмнөх олимпыг зохион байгуулсан хятадууд 44 тэрбум ам.долларын зардал гаргасан. Харин британичууд харьцангуй даруухан зардал болох 11 тэрбумд бүгдийг багтаажээ. Ингэхдээ хотоо хөгжүүлэх давхар санаа агуулж байв. Тиймээс хотын хамгийн хөгжил муутай Стрэтфорд дүүргийг сонгон авч, тэнд олимпын гол цогцолбороо байгуулсан юм. Энэ ажлын хүрээнд 200 гаруй байшин барилгыг нурааж, ил арзайн харагддаг байсан цахилгааны шонгуудыг буулган газар доогуур явуулах зэргээр дүүргийн өнгө үзэмжийг эрс өөрчилжээ.
Энэ олимпод 204 орны 10768 тамирчин спортын 26 төрөлд 302 багц медалийн төлөө өрсөлдөв. Эмэгтэйчүүдийн бокс хөтөлбөрт багтсанаар олимпын бүх спорт эрэгтэй, эмэгтэй төрөлд аваргаа тодруулах болжээ. Түүнчлэн Саудын Араб, Катар, Бруней улс ОУОХ-ны шаардлага, хүсэлтийн дагуу эмэгтэй тамирчдаа илгээв. Ингэснээр түүхэнд анх удаа бүх улс эмэгтэй тамирчинтай оролцохоор болсон юм.
Америкчууд 46 алт, 28 мөнгө, 29 хүрэл, нийт 103 медаль зүүж, алдагдсан байр сууриа эргүүлэн авсан. Зохион байгуулагч Их Британи 29 алт, 65 медальтайгаар Оросыг байр ухраан гуравт бичигджээ.
Бахрейн, Ботсван, Кипр, Габон, Гренада, Гватемал, Монтенегро улс олимпын анхны медалиа Лондоноос авсан юм.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | АНУ | 47 | 27 | 30 | 104 |
2 | БНХАУ | 38 | 31 | 22 | 91 |
3 | Их Британи | 29 | 18 | 18 | 65 |
4 | ОХУ | 19 | 21 | 27 | 67 |
5 | БНСУ | 13 | 9 | 8 | 30 |
Монголчууд Лондоны олимпод
Монголчууд энэ удаагийн олимпод спортын долоон төрөлд 29 тамирчинтай оролцов. Манайхан хэдийгээр “Бээжин 2008”-аас авсан алтын буухиагаа үргэлжлүүлж чадаагүй ч таван медаль авч, шинэ дээд амжилт тогтоолоо. Жүдоч Н.Түвшинбаяр олимпын хос медальтай Монголын анхны тамирчнаар тодорсон бол боксчин Н.Төгсцогт 20 насандаа олимпод үзүүрлэв. Түүнчлэн С.Ням-Очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.
№ | Нэр | Төрөл | Ангилал | Хүйс | Амжилт |
1 | Жанцангийн Гантөгс | Байт харваа | ганцаарчилсан | эрэгтэй | 33 |
2 | Бишиндээгийн Урантунгалаг | Байт харваа | ганцаарчилсан | эмэгтэй | 9 |
3 | Бат-Очирын Сэр-Од | Хөнгөн атлетик | марафон гүйлт (42.195 метр) | эрэгтэй | 51 |
4 | Лувсанлхүндэвийн Отгонбаяр | Хөнгөн атлетик | марафон гүйлт (42.195 метр) | эрэгтэй | 98 |
5 | Пүрэвдоржийн Сэрдамба | Бокс | 48 кг | эрэгтэй | 9 |
6 | Нямбаярын Төгсцогт | Бокс | 52 кг | эрэгтэй | МӨНГӨН МЕДАЛЬ |
7 | Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ | Бокс | 64 кг | эрэгтэй | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
8 | Бямбаагийн Түвшинбат | Бокс | 69 кг | эрэгтэй | 9 |
9 | Даваадоржийн Төмөрхүлэг | Жүдо | 60 кг | эрэгтэй | 17 |
10 | Хашбаатарын Цагаанбаатар | Жүдо | 66 кг | эрэгтэй | 9 |
11 | Сайнжаргалын Ням-Очир | Жүдо | 73 кг | эрэгтэй | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
12 | Найдангийн Түвшинбаяр | Жүдо | 100 кг | эрэгтэй | МӨНГӨН МЕДАЛЬ |
13 | Мөнхбатын Уранцэцэг | Жүдо | 48 кг | эмэгтэй | 7 |
14 | Мөнхбаатарын Бундмаа | Жүдо | 52 кг | эмэгтэй | 9 |
15 | Доржсүрэнгийн Сумъяа | Жүдо | 57 кг | эмэгтэй | 16 |
16 | Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа | Жүдо | 63 кг | эмэгтэй | 5 |
17 | Пүрэвжаргалын Лхамдэгд | Жүдо | 78 кг | эмэгтэй | 9 |
18 | Нянтайн Баяраа | Буудлага | 10 метрийн агаарын хийн гар буу | эрэгтэй | 23 |
50 метрийн урт бууны, гурван байрлалт төрөл | 33 | ||||
50 метрийн урт бууны, хэвтээ төрөл | 40 | ||||
19 | Отрядын Гүндэгмаа | Буудлага | 10 метрийн, агаарын хийн гар буу | эрэгтэй | 18 |
25 метрийн, спорт гар буу | 27 | ||||
20 | Андрейн Тамир | Усанд сэлэлт | 100 метрийн эрэгтэй чөлөөт сэлэлт | эрэгтэй | 49 |
21 | Гантөмөрийн Оюунгэрэл | Усанд сэлэлт | 100 метрийн эмэгтэй мэлхий сэлэлт | эмэгтэй | 45 |
22 | Баяраагийн Наранбаатар | Чөлөөт бөх | 55 кг | эрэгтэй | 19 |
23 | Пүрэвжавын Өнөрбат | Чөлөөт бөх | 74 кг | эрэгтэй | 12 |
24 | Оргодолын Үйтүмэн | Чөлөөт бөх | 84 кг | эрэгтэй | 14 |
25 | Жаргалсайханы Чулуунбат | Чөлөөт бөх | 120 кг | эрэгтэй | 5 |
26 | Даваасүхийн Отгонцэцэг | Чөлөөт бөх | 48 кг | эмэгтэй | 9 |
27 | Сүндэвийн Бямбацэрэн | Чөлөөт бөх | 55 кг | эмэгтэй | 17 |
28 | Соронзонболдын Батцэцэг | Чөлөөт бөх | 63 кг | эмэгтэй | ХҮРЭЛ МЕДАЛЬ |
29 | Очирбатын Бурмаа | Чөлөөт бөх | 72 кг | эмэгтэй | 8 |