"Beijing 2008"
2001 оны долдугаар сард болсон ОУОХ-ны ээлжит чуулганаар Хятадын нийслэл Бээжин хот зуны XXIX олимп зохион байгуулах эрхийг авчээ. Канадын Торонто, Францын Парис, Туркийн Истанбул, Японы Осака хот энэ эрхийн төлөө өрсөлдсөн ч урьдчилсан сунгаанд хол хоцорсон юм.
Бээжингийн олимпын зардлын тайлан одоог хүртэл эргэлзээтэй байдаг. Олимпоос нэг жилийн дараа зохион байгуулах хорооныхон нийт зардал “Афин 2004”-тэй ойролцоо буюу 15 тэрбум ам.доллар гэж мэдэгдсэн. Харин өөр эх сурвалж зардлын хэмжээг 40-44 тэрбум гэж байв. Сүүлийн энэ дүн илүү бодитой гэдэгт шинжээчид санал нэгддэг.
Зохион байгуулагчид хотын нийтийн тээврийн сүлжээг цогцоор нь сайжруулж, экологийн асуудлыг шийдэхэд 40 шахам тэрбумыг зарцуулсан гэдэг. Харин тэмцээн уралдаан явагдах цэнгэлдэх, цогцолборуудын бүтээн байгуулалтад хоёр тэрбум ам.доллар зарцуулжээ. Хятадууд олимпын наадмыг спортын 37 цогцолборт зохион байгуулснаас 19-ийг нь шинээр босгосон юм.
2008 оны гуравдугаар сарын 24-нд Грекийн Олимп уулнаас гараагаа эхэлсэн галт бамбарын аялал 137 хоногийн турш 137 мянган км зам туулж, түүхэн шинэ дээд амжилт тогтоов. Зохион байгуулагчид галт бамбарыг дэлхийн ноён оргил Эверестэд гаргаж, олны анхаарлыг татсан. Аяллын үеэр Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид бамбарыг унтраахыг оролдсон тохиолдол хэд хэд гарч байв.
Бээжингийн олимпод 204 орон тамирчнаа илгээсэн нь шинэ дээд амжилтаар бүртгэгдлээ. Маршалын арлууд, Монтенегро, Тувалу олимпод анх удаа тоосоо өргөжээ. Нийт 10942 тамирчин спортын 28 төрөлд 302 багц медалийн төлөө (мөн л дээд амжилт) өрсөлдөв. Нийт 100 мянган сайн дурынхан ажилласан бол 159 орны 24562 сэтгүүлч олимп сурвалжилжээ. Тэмцээний үеэр дэлхийн дээд амжилт 40, олимпын рекорд 130 удаа эвдэгдсэн нь түүхэнд ховор тохиолдох явдал байлаа.
Багийн нийлбэр дүнгээр зохион байгуулагч БНХАУ анх удаа түрүүллээ. Тэд нийт 51 алтан медаль авчээ. Америкчууд медалийнхаа тоогоор илүү байсан ч алтын тоогоороо хол хоцорч, аман хүзүүдсэн юм. Нийт 87 улс медаль авсан бөгөөд үүний 54 нь алтан медальтай (аль аль нь дээд амжилт) байв. Америк, Оросоос өөр улс багийн дүнгээр тэргүүлсэн нь 1936 оноос хойших анхны тохиолдол болжээ. Тажикистан, Афганистан, Маврики, Того улс олимпийн түүхэнд анхны медалиа өөрийн болгов. Түүнчлэн Монгол, Панам улс олимпын анхны аваргаа өлгийдөн авсан юм.
Медалийн хүснэгт
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | БНХАУ | 48 | 22 | 30 | 100 |
2 | АНУ | 36 | 39 | 37 | 112 |
3 | ОХУ | 24 | 13 | 23 | 60 |
4 | Их Британи | 19 | 13 | 19 | 51 |
5 | Герман | 16 | 11 | 14 | 41 |
Монголчууд Бээжингийн олимпод
Монголчууд энэ удаагийн олимпод спортын долоон төрөлд 28 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 31 дүгээр байрт жагслаа. Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар Монгол Улсын түүхэнд олимпын анхны аваргууд болсон бол П.Сэрдамба, О.Гүндэгмаа нар мөнгөн медалиар энгэрээ мялаав. Түүнчлэн боксчин У.Мөнх-Эрдэнэ, жүдоч Д.Цэрэнханд, Д.Нямхүү нар медалийн төлөө өрсөлдөж байв.
№ | Нэр | Төрөл | Ангилал | Хүйс | Амжилт |
1 | Бат-Очирын Сэр-Од | Хөнгөн атлетик | марафон гүйлт (42.195 метр) | эрэгтэй | 52 |
2 | Батгэрэлийн Мөнгөнтуяа | Хөнгөн атлетик | 400 метрийн гүйлт | эмэгтэй | 8 h6 r1/3 |
3 | Пүрэвдоржийн Сэрдамба | Бокс | 48 кг | эрэгтэй | МӨНГӨН МЕДАЛЬ |
4 | Энхбатын Бадар-Ууган | Бокс | 54 кг | эрэгтэй | АЛТАН МЕДАЛЬ |
5 | Зоригтбаатарын Энхзориг | бокс | 57 кг | эрэгтэй | 9 |
6 | Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ | Бокс | 64 кг | эрэгтэй | 5 |
7 | Хашбаатарын Цагаанбаатар | Жүдо | 60 кг | эрэгтэй | 21 |
8 | Гантөмөрийн Дашдаваа | Жүдо | 73 кг | эрэгтэй | 9 |
9 | Дамдинсүрэнгийн Нямхүү | Жүдо | 81 кг | эрэгтэй | 5 |
10 | Найдангийн Түвшинбаяр | Жүдо | 100 кг | эрэгтэй | АЛТАН МЕДАЛЬ |
11 | Махгалын Баяржавхлан | Жүдо | 100 кг | эрэгтэй | 21 |
12 | Мөнхбаатарын Бундмаа | Жүдо | 52 кг | эмэгтэй | 19 |
13 | Хишигбатын Эрдэнэт-Од | Жүдо | 57 кг | 13 | |
14 | Түмэн-Одын Баттөгс | Жүдо | 63 кг | 14 | |
15 | Пүрэвжаргалын Лхамдэгд | Жүдо | 78 кг | 7 | |
16 | Доржготовын Цэрэнханд | Жүдо | 78 кг | 5 | |
17 | Цогбадрахын Мөнхзул | Буудлага | 10 метрийн агаарын хийн гар буу | эмэгтэй | 8 |
25 метрийн спорт гар буу | 12 | ||||
18 | Отрядын Гүндэгмаа | Буудлага | 10 метрийн, агаарын хийн гар буу | эмэгтэй | 12 |
25 метрийн, спорт гар буу | МӨНГӨН МЕДАЛЬ | ||||
19 | Зоригтын Батхуяг | Буудлага | 10 метрийн агаарын хийн гар буу | эрэгтэй | 22 |
50 метрийн урт бууны, гурван байрлалт төрөл | 33 | ||||
20 | Болдбаатарын Бүтэх-Үйлс | Усанд сэлэлт | 100 метрийн мэлхий сэлэлт | эрэгтэй | 60 |
21 | Дашцэрэнгийн Сайнцэцэг | Усанд сэлэлт | 50 метрийн чөлөөт сэлэлт | эмэгтэй | 67 |
22 | Намхайдоржийн Баярмаа | Хүндийн өргөлт | 63 кг | эмэгтэй | 9 |
23 | Баяраагийн Наранбаатар | Чөлөөт бөх | 55 кг | эрэгтэй | 16 |
24 | Буянжавын Батзориг | Чөлөөт бөх | 66 кг | эрэгтэй | 8 |
25 | Чагнаадоржийн Ганзориг | Чөлөөт бөх | 84 кг | эрэгтэй | 8 |
26 | Цогтбазарын Энхжаргал | Чөлөөт бөх | 48 кг | эмэгтэй | 16 |
27 | Найдангийн Отгонжаргал | Чөлөөт бөх | 55 кг | эмэгтэй | 16 |
28 | Бадрахын Одончимэг | Чөлөөт бөх | 63 кг | эмэгтэй | 10 |