0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Athens 1896"



Зуны олимпын наадам

XIX зууны дунд үе гэхэд Европт спортын хэд хэдэн арга хэмжээ тусдаа зохиогддог болоод байв. Зарим спортын тэмцээнийг 30 мянган хүн ирж үзэх тохиолдол ч байлаа. 

Энэ үеэр Францын соён гэгээрүүлэгч, нэрт зүтгэлтэн Пьер де Кубертин эдгээр бүх арга хэмжээг нэгтгэн орчин үеийн олимпын наадмыг зохион байгуулах санаачилга гаргав. Улмаар түүний санаачилгаар 1894 онд Парис хотноо Олон улсын тамирчдын их хурал хуралдаж, 1896 онд эртний олимпын өлгий нутаг Афин хотноо орчин үеийн олимпын наадмыг сэргээн явуулах шийдвэр гаргажээ. Энэ хуралдааны үеэр мөн Олон улсын олимпын хороо байгуулагдсан түүхтэй. 

Анхны олимп маш амжилттай зохиогдсон нь дараа дараагийн наадам олны дэмжлэг хүлээх үндэс болжээ. Тухайн үед олимпын наадам бүрийг Афинд зохион байгуулах санал зарим орноос гарч байсан ч олонх дэмжээгүй юм. 

Зуны олимпын наадам дөрвөн жил тутам явагдах бөгөөд эхнийх нь 1896 онд Афинд, хамгийн сүүлийнх нь 2021 онд Токиод зохиогдоод байна. Энэ хооронд дэлхийн I дайны улмаас 1916 оны олимп, дэлхийн II дайны улмаас 1940, 1944 оны олимп зохиогдолгүй өнжжээ. Хамгийн сүүлд коронавирусийн цар тахлын улмаас 2020 оны Токиогийн олимп нэг жилээр хойшилж, 2021 онд явагдсан. 

Анхны олимпын наадамд 14 орны 250 эрэгтэй тамирчин өрсөлдсөн бол өдгөө 206 орны 11420 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлддөг дэлхийн хамгийн том спортын арга хэмжээ болоод байна. 

Өнгөрсөн жилүүдэд зуны 32 олимп таван тивийн 19 өөр улсад зохиогдсон бөгөөд АНУ дөрвөн олимп (1904, 1932, 1984, 1996) хүлээн авсан үзүүлэлтээр тэргүүлдэг. Түүнчлэн Их Британи гурав (1908, 1948, 2012), Грек (1896, 2004), Франц (1900, 1924), Герман (1936, 1972), Австрали (1956, 2000), Япон улс (1964, 2020) наадмыг хоёронтаа зохион байгуулжээ. 

Зуны олимпын бүх наадамд оролцсон улс ердөө тав байдаг нь Австрали, Франц, Их Британи, Грек, Швейцар юм. Харин Их Британи нь бүх наадмаас алтан медаль хүртсэн цорын ганц улс аж. 

АНУ 18 удаа багийн дүнгээр тэргүүлсэн бол ЗХУ зургаа, Франц, Их Британи, Герман, БНХАУ, ТУХН (Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын нэгдсэн баг) тус бүр нэг удаа тэргүүлж байв. 

Зуны олимпын түүхэнд 42 спортын төрөл хөтөлбөрт нь багтаж байв. Эдгээрээс хөнгөн атлетик, дугуй, туялзуур сэлэм, гимнастик, усанд сэлэлтийн спорт бүх олимпын хөтөлбөрт багтсан байна.

Афин 1896

Орчин үеийн анхны олимпыг эртний олимпын өлгий нутаг Афинд зохион байгуулахаар 1894 онд тохироод байв. Гэсэн хэдий ч санхүү, мөнгөний хямралд өртөөд байсан Грек улс олимп зохион байгуулах зардлыг гаргах боломжгүйгээ мэдэгдэв. 

Орчин үеийн олимп зохиогдож эхлэхээсээ өмнө бүтэлгүйтэх дөхсөн энэ үед Кубертин болон ОУОХ-ны анхны ерөнхийлөгч, Грекийн бизнесмэн Д.Викелас нар хөрөнгө босгох нүсэр том кампанит ажил өрнүүлсэн юм. Грекийн угсаа залгамжлах хунтайж Константинийг Зохион байгуулах хорооны даргаар томилсон нь үр дүнгээ өгч, Грек даяар өрнүүлсэн хандивын аяны хүрээнд 300 мянган драхма цугларсан нь шаардлагатай зардлын 10 хувь байв. Мөн шуудангийн маркны борлуулалтаас 400 мянга, тасалбар борлуулалтаас 200 мянга гэх зэргээр зардлаа босгосоор байв. 

Түүнчлэн хунтайж Константиний хүсэлтээр бизнесмэн Жорж Авероф гол цэнгэлдэхийг засварлах 920 мянган драхмаг гаргахаар болсон нь зохион байгуулагчдад үлэмж нэмэр болжээ. 

Ийнхүү янз бүрийн аргаар зардлаа босгож чадсан грекчүүд 1896 оны дөрөвдүгээр сарын 6-15-нд орчин үеийн анхны наадмыг нийслэл Афин хотноо амжилттай зохион байгуулав. 

Анхны олимпод 14 орны 241 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөв. Австрали, Австри, Болгар, Чили, Дани, Франц, Герман, Их Британи, Грек, Унгар, Итали, Швед, Швейцар, АНУ тус олимпод оролцож, анхдагчид болжээ. 

Наадмын хөтбөлбөрт хөнгөн атлетик, дугуй, туялзуур сэлэм, гимнастик, буудлага, усанд сэлэлт, теннис, хүндийг өргөлт, чөлөөт бөх гэсэн есөн спортын төрөл багтсан байна. 

“Афин-1896” нь эмэгтэй тамирчид оролцоогүй цорын ганц олимп болсон юм. 

Зохион байгуулагчид түрүүлсэн тамирчдыг мөнгө, хоёрт орсон тамирчдыг зэс медалиар шагнав. Хожим ОУОХ эхний гурван байрын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль авсан болгож өөрчилсөн байна. 

Медалийн хүснэгт

УлсАлтМөнгөХүрэлНийт
1АНУ

11

7

2

20

2Грек

10

18

19

47

3Герман

6

5

2

13

4Франц

5

4

2

11

5Их Британи

2

3

2

7

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД