“Астана Алматы 2011” Азийн өвлийн VII наадам
Азийн өвлийн наадам БНХАУ, БНСУ, Япон гэсэн гуравхан улсад ээлжлэн зохиогдож байсан уламжлал өөрчлөгдөж, тус тив дэх цас мөсний өөр нэг том улс Казахстанд ээлжит наадам явагдав.
Казахстан улс ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтносноос хойш зохион байгуулсан спортын анхны том арга хэмжээ нь энэхүү наадам болжээ.
Тэд наадмыг нүүр улайлгахааргүй хийхийн тулд нийт 1.4 тэрбум ам.доллар зарцуулсан нь өвлийн наадмын түүхэнд дуулдаагүй их мөнгө байв. Зохион байгуулагчид наадамд зориулан нийслэл Астана хотноо 15 мянган хүний суудалтай спорт цогцолбор, трамплины цогцолбор, биатлоны зам, цэнгэлдэх, тамирчдын тосгоныг шинээр байгуулжээ. Энэ бүх бүтээн байгуулалт хожим хүлээн авах өвлийн олимпын бэлтгэл болно хэмээн зохион байгуулагчид тайлбарласан юм.
Нийт 26 улс тамирчнаа илгээж, дээд амжилтыг шинэчлэв. Бахрейн, Катар, Сингапур улс өвлийн наадамд анх удаа оролцсон бол 2007 онд өнжсөн Макао, Пакистан улс эргэн иржээ.
Наадмын хөтөлбөрөөс кёрлинг, сноуборд хасагдаж, өмнөх наадамд багтаагүй трамплин эргэж ирэв. Түүнчлэн зохион байгуулагчид бэнди буюу бөмбөгтэй хоккей, цанын зүг чиг олох төрлийг албан ёсны хөтөлбөрт багтаасан байна.
Бобслей, чарга, скелетон, сноуборд, цанын хоёр төрөлт зэрэг өвлийн олимпын төрлүүд Азийн өвлийн наадмын хөтөлбөрт урьдын адил багтсангүй.
Багийн дүнгээр Казахстан анх удаа тэргүүллээ. Зохион байгуулагч орны давуу талаа ашиглан хөтөлбөрт нь багтаасан цанын зүг чиг олох төрөлд л гэхэд тэд найман алтыг бүгдийг нь хамжээ.
Өвлийн спортын гурван том “акул” болох Япон, БНСУ, БНХАУ удаалсан бол монголчууд багийн дүнгээр тавд бичигдэж, Азийн өвлийн наадмын түүхэн дэх оргил амжилтаа үзүүлэв.
Монголын бэндигийн шигшээ мөнгөн медаль хүртсэн бол цанын зүг чиг олох төрөлд дөрвөн хүрэл медаль өөрийн болгосон юм.
Б.Гэрэлт-Од тус төрлийн спринт болон холын зайд хүрэл медаль хүртэж, Монголын эрэгтэй шигшээ (Б.Гэрэлт-Од, Б.Бямбадорж, Э.Бархүү) гуравт орсон. Мөн Н.Ууганцэцэг, А.Наранцэцэг, Ч.Отгонцэцэг гэсэн бүрэлдэхүүнтэй эмэгтэй шигшээ багийн буухиа уралдаанд хүрэл медаль хүртсэн юм.
Медаль авсан орнууд
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | Казахстан | 32 | 21 | 17 | 70 |
2 | Япон | 13 | 24 | 17 | 54 |
3 | БНСУ | 13 | 12 | 13 | 38 |
4 | БНХАУ | 11 | 10 | 14 | 35 |
5 | Монгол | - | 1 | 4 | 5 |
6 | Иран | - | 1 | 2 | 3 |
7 | Кыргызстан | - | 1 | 1 | 2 |
8 | БНАСАУ | - | - | 1 | 1 |