“Харбин 1996” Азийн өвлийн III наадам
ОУОХ-ноос өвөл, зуны олимпыг хоёр жил тутам сөөлжлөн явуулахаар шийдсэний улмаас 1992, 1994 онд өвлийн олимпыг дараалан зохиогоод байв. Ийм үетэй зэрэгцээд Азийн өвлийн наадам зохион байгуулах нь утгагүй байсан тул 1996 онд хийхээр болжээ.
Уг нь БНАСАУ наадам зохион байгуулах эрхийг аваад байсан ч амлалтаа биелүүлж чадсангүй. Нөхцөл байдал эвгүйтсэн энэ үед БНСУ, БНХАУ наадмыг хүлээн авах боломжтойгоо илэрхийллээ. Ингээд Азийн олимпын зөвлөл өмнөд хөршийн Харбин хотод уг эрхийг өгөв. Мөн өвлийн наадмыг сондгой тоотой жилд явуулах нь тохиромжтой гэж үзсэн учраас дараагийн наадмыг 1999 онд БНСУ-ын Канвонд зохион байгуулах шийдийг мөн энэ үед гаргасан юм.
Оролцох орны тоо нэмэгдэж, 15 болов. Казахстан, Узбекистан, Кыргызстан, Тажикистан зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнээс салан тусгаарласан орнууд өвлийн наадамд оролцож эхэлснээр өрсөлдөөн эрс ширүүсчээ.
Өмнөх наадмын үеэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй хуваарь давхацсаны улмаас хөтөлбөрөөс хасагдсан уран гулгалт эргэн ирэв. Мөн цанын фристайл төрөл наадмын хөтөлбөрт анх удаа багтжээ.
Багийн дүнгээр шинэ аварга төрж, зохион байгуулагч БНХАУ анх удаа тэргүүлэв. Шинээр орж ирсэн Казахстан хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулан удаалсан бол өмнөх хоёр наадмын босоо аварга Япон гурав руу унасан байна. Түүнчлэн Узбекистан анхны медалиа авчээ.
Медаль авсан орнууд
№ | Улсын нэр | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | БНХАУ | 15 | 7 | 15 | 37 |
2 | Казахстан | 14 | 9 | 8 | 31 |
3 | Япон | 8 | 14 | 10 | 32 |
4 | БНСУ | 8 | 10 | 8 | 26 |
5 | Узбекистан | - | 1 | 1 | 2 |