"Incheon 2013" Азийн танхимын болон тулааны спортын наадам
Хоёр жил тутам танхимын наадам зохиогдож байтал тулааны спортын наадам мөн мэндэлсэн нь наадмуудын нэр хүндийг унагах алхам болов. Хэтэрхий олон наадам ойр ойрхон зохиогдож байна гэж үзсэн Азийн олимпын зөвлөл танхимын наадмыг тулааны наадамтай нэгтгэн дөрвөн жил тутам зохион байгуулах шийдвэрт хүрчээ. Ингэснээр тус наадам нь тивийн хэмжээнд Азийн наадмын дараа орох спортын томоохон арга хэмжээ болсон юм.
Анхны наадмыг 2013 онд БНСУ-ын Инчонд зохион байгуулав. Уг нь Катарын Доха наадмыг хүлээн авахаар тохироод байсан ч “санаандгүй нөхцөл байдлын улмаас” боломжгүй болсноо 2008 онд дуулгажээ.
Солонгосчуудын хувьд Инчон хотноо Азийн наадмыг хүлээн авах гээд бэлтгэл сайн байсан болохоор хамтарсан наадмыг ямар нэг асуудалгүй зохион байгуулсан юм.
Наадамд 43 орны 1652 тамирчин 100 багц медалийн төлөө өрсөлдөв. БНАСАУ болон Зүүн Тимор тамирчдаа илгээсэнгүй. Түүнчлэн авлига болоод улс төрийн хөндлөнгийн оролцооны улмаас эрхээ хасуулаад байсан Энэтхэгийн ҮОХ-ны тамирчид ОУОХ-ны туган дор оролцсон юм.
Наадмын хөтөлбөрт боулинг, шатар, бильярд, бүжгийн спорт, и-спорт, футзал, го даам, танхимын кабадди, кикбокс, кураш, муай-тай бокс, усанд сэлэлт зэрэг 12 спорт багтсан байна.
Багийн дүнгээр БНХАУ тэргүүлж, зохион байгуулагч БНСУ удаалав.
Монголчууд тус наадамд го даам, бильярд, боулинг, шатар, и-спорт, кикбокс, кураш, муай-тай бокс, усанд сэлэлтийн төрлөөр 54 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар 16-р байрт орлоо.
Эмэгтэй муай-тай боксын 60 кг-ын жинд А.Зууннаст аваргалж, эрчүүдийн 54 кг-д Б.Гантогтох үзүүрлэв. Түүнчлэн Н.Бат-Эрдэнэ кикбоксоор, Г.Гончигсумлаа кураш бөхөөр тус тус хүрэл медаль хүртсэн юм.
Монголын багийн медальтнууд
№ | Нэрс | Төрөл | Хүйс | Ангилал | Амжилт |
1 | Намжилмаагийн Бат-Эрдэнэ | кикбокс | эр | Full contact -57 кг | хүрэл |
2 | Ганбаатарын Гончигсумлаа | кураш | эр | -81 кг | хүрэл |
3 | Баатарчулууны Гантогтох | мутай | эр | Bantamweight 51–54 kg | мөнгө |
4 | Алтансүхийн Зууннаст | мутай | эм | Lightweight 57–60 kg | алт |
Медаль авсан орнууд
№ | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
1 | БНХАУ | 29 | 13 | 10 | 52 |
2 | БНСУ | 22 | 26 | 22 | 70 |
3 | Вьетнам | 8 | 7 | 12 | 27 |
4 | Тайланд | 8 | 3 | 11 | 22 |
5 | Казахстан | 7 | 8 | 16 | 31 |
6 | Иран | 3 | 6 | 2 | 11 |
7 | Тайвань | 3 | 5 | 12 | 20 |
8 | Хонконг | 3 | 4 | 10 | 17 |
9 | Япон | 3 | 4 | 8 | 15 |
10 | Узбекистан | 3 | 4 | 3 | 10 |
11 | Туркменистан | 2 | 4 | 1 | 7 |
12 | ОУОХ | 2 | 3 | 5 | 10 |
13 | Сингапур | 2 | - | 3 | 5 |
14 | Кыргызстан | 1 | 2 | 3 | 6 |
15 | Тажикистан | 1 | 2 | 1 | 4 |
16 | Монгол | 1 | 1 | 2 | 4 |
17 | Ирак | 1 | - | 3 | 4 |
18 | Филиппин | 1 | - | 2 | 3 |
19 | Индонез | - | 2 | 3 | 5 |
20 | Йордан | - | 2 | 3 | 5 |
21 | Кувейт | - | 2 | - | 2 |
22 | Малайз | - | 1 | 2 | 3 |
23 | АНЭУ | - | 1 | 2 | 3 |
24 | Лаос | - | 1 | 1 | 2 |
25 | Афганистан | - | - | 3 | 3 |
25 | Мьянмар | - | - | 3 | 3 |
25 | Сири | - | - | 3 | 3 |
28 | Палестин | - | - | 1 | 1 |
28 | Катар | - | - | 1 | 1 |