0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Sochi 2014"



ОХУ өвлийн олимпын эрхийн төлөөх сунгаанд анх удаа нэрээ дэвшүүлээд л ялалт байгууллаа. 2007 оны долдугаар сард Гватемалд болсон ОУОХ-ны чуулганаар Хар далайн эрэг дээрх Сочи хот БНСУ-ын Пёнчан, Австрийн Зальцбург хотуудыг ялжээ. Санал асуулгын эхний шатанд Пёнчан тэднээс хоёр санал илүү авсан ч эцсийн шатанд Сочи 51:47-гоор ялалт байгуулсан юм. Энэ нь ЗХУ задран унасны дараа ТУХН-ийн орнуудад зохиогдсон анхны олимп болов. 

Оросууд нутагт нь анх удаа зохиогдож буй өвлийн олимпыг мөнгөөр “зодож” хийлээ. Анх олимпын наадмыг 12 тэрбум ам.долларт багтаан явуулахаар төлөвлөж байсан ч явцын дунд зардал өссөөр эцсийн дүндээ 51 тэрбумд хүрч, бүх цаг үеийн хамгийн өндөр өртөгтэй олимпоор тодорчээ. Гэхдээ оросууд нийт зардлынхаа 80 шахам хувийг Сочи хотын авто зам, төмөр зам, цахилгаан зэрэг дэд бүтцийн зардалд зориулсан юм. Тухайлбал, найман гүүрэн гарц, хэдэн арван нүхэн гарц болон нийт 367 км хатуу хучилттай замыг олимпод зориулан шинээр тавьжээ. 

Сочигийн олимпод 88 орон тамирчнаа илгээж, “Ванкувер-2010”-ын дээд амжилтыг (82) эвдлээ. Доминикан, Мальта, Парагвай, Зүүн Тимор, Того, Тонга, Зимбабве гэсэн долоон улс өвлийн олимпод дебютээ хийв. 

Мөн оролцох тамирчдын тоо 2873 болж, дээд амжилтыг дахин эвдлээ. 

Хэдийгээр оросууд олимпод зориулж асар их хөрөнгө зарцуулсан ч нээлтийн ёслолын үеэр гарсан техникийн алдаа олимпын эхлэлийг баллаж орхив. Тэнгэр дээр олимпын таван цагариг үүсгэх ёстой байсан цасан ширхэгийн нэг нь дэлгэгдсэнгүй. Байж боломгүй энэхүү алдаа нээлтийн ёслолын сайхныг үгүй хийж орхисон юм. 

Олимпын үеэр Сочи хотод агаарын дундаж температур 8.3 градус байлаа. Ингэснээр Сочи нь өвлийн олимпыг зохион байгуулсан хамгийн дулаан уур амьсгалтай хотоор тодорчээ. 

Оросууд наадмын үеэр алан хядах ажиллагаа болох вий гэдгээс маш их эмээж байв. Тиймээс ОХУ-ын зэвсэгт хүчний 40 мянган алба хаагч аюулгүй байдлыг сахиулах ажилд томилогдов. 

Цэргүүд нэгдүгээр сарын 7-ноос эхлэн гуравдугаар сарын сүүл хүртэл буюу паралимпын наадмыг дуустал Сочигийн эргэн тойрны бүсэд хязгаарлалт тогтоон, хяналт тавьж байв. Энэ мэт хичээл зүтгэлийн үр дүнд наадмын үеэр ямар нэг халдлага гарсангүй.

Энэ олимпын гол баатар нь Нидерландын тэшүүрч бүсгүй Ивен Вюст боллоо. Турин, Ванкуверийн олимпоос нэжгээд алтан медаль хүртэж байсан тэрбээр энэ удаа хоёр алт, гурван мөнгөн медаль зүүж, таван медаль эх орондоо авчирсан.

Эмэгтэйчүүдийн биатлонд Д.Домрачева гурван алтан медаль зүүлээ. Түүний ачаар Беларусь таван алтан медальтай болж, багийн дүнгээр наймд жагсан өвлийн олимпын түүхэн дэх оргил амжилтаа үзүүлжээ.

Эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд Канадын шигшээ хоёр олимп дараалан түрүүлэв. Швед, Финландын багууд мөнгө, хүрэл медаль хүртсэн бол талбайн эзэн оросууд шөвгийн наймд Финландад 3:1-ээр хожигдон хоосон хоцорлоо. Канадын багийн хаалгач Кори Прайс хасагдах шатны гурван тоглолтод ганцхан гоол алдсан бөгөөд олимпын турш нийт цохилтын 97.2 хувийг хааж, багаа аваргалахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Гэхдээ түүнээс дутахааргүй гавьяа байгуулсан хүн нь солонгос гаралтай орос тэшүүрч Виктор Ан байлаа. Тэрбээр эрэгтэйчүүдийн шорт-трекийн дөрвөн зайн гуравт нь түрүүлж, нэг хүрэл медаль авсан юм. Түүний авчирсан гурван алтын ачаар талбайн эзэн оросууд 1994 оноос хойш анх удаа багийн дүнгээр тэргүүлэв. Тэд алтын тоогоор Норвегитой тэнцсэн ч мөнгөн медалийн чанараар илүүрхсэн юм.

Харамсалтай нь олимпын наадам өндөрлөснөөс хэдэн жилийн дараа орос тамирчдыг тойрсон допингийн томоохон дуулиан дэгдсэн. Ричард Макларенаар ахлуулсан Дэлхийн допингийн эсрэг байгууллагын шинжээчдийн багийн тайланд Орос улс олимпын наадамд тамирчдаа амжилттай оролцуулахын тулд допингийн төрлийн бэлдмэл хэрэглүүлсэн хэмээн дурдсан байв. Тодруулбал, авлига авсан албан тушаалтнууд Оросын 100 гаруй тамирчны мэдээллийг нуун дарагдуулсан бөгөөд тэдний авсан медалийн 15-аас доошгүй нь допинг хэрэглэсний үр дүн хэмээн тайланд дурдсан байв.

Улмаар ОУОХ-ны тусгай комисс Оросын 43 тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасаж, 13 медалийг хураах шийдвэр гаргав. Тэдгээр 43 тамирчны 42 нь 2017 оны арванхоёрдугаар сард Спортын арбитрын шүүхэд хандсан бөгөөд 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр шүүхээс 28 тамирчны хоригийг цуцлах шийдвэр гаргасан юм. Мөн хураасан 13 медалийн 9-ийг нь эргүүлэн олгосон билээ.

Сочигийн олимпын үеэр дэгдсэн допингийн энэхүү дуулиан дараагийн олимпод ч нөлөөгөө үзүүлж, Оросын хөнгөн атлетикчдийн дийлэнх нь Риогийн зуны олимпод оролцох эрхээ хасуулж байв.

Монголчууд Сочигийн олимпод цанын төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчинтай оролцлоо. Эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорьсон Б.Бямбадорж 80-д орсон бол Ч.Отгонцэцэг эмэгтэйчүүдийн 10 км-т 67-р байр эзэлсэн юм.

Медаль авсан орнууд

Улс 

Алт 

Мөнгө 

Хүрэл 

Нийт

1ОХУ

11

10

9

30

2Норвеги

11

5

10

26

3Канад

10

10

5

25

4АНУ

9

9

10

28

5Нидерланд

8

7

9

24

6Герман

8

6

5

19

7Швейцар

7

2

2

11

8Беларусь

5

-

1

6

9Австри

4

8

5

17

10Франц

4

4

7

15

11Польш

4

1

1

6

12БНХАУ

3

4

2

9

13БНСУ

3

3

2

8

14Швед

2

7

6

15

15Чех

2

4

2

8

16Словен

2

2

4

8

17Япон

1

4

3

8

18Финланд

1

3

1

5

19-20.Их Британи

1

1

3

5

19-20.Латви

1

1

3

5

21Украйн

1

-

1

2

22Словак

1

-

-

1

23Итали

-

2

6

8

24Австрали

-

2

1

3

25Хорват

-

1

-

1

26Казахстан

-

-

1

1

 Нийт

99

96

99

294

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД