0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Beijing 2022"



БНХАУ-ын нийслэл Бээжин хот санал асуулгад Казахстаны Алматыг 44:40-өөр ялж, өвөл, зуны олимп аль алиныг нь зохион байгуулах анхны хотоор тодорчээ. 

Тус хот 2008 онд зуны олимпыг хүлээн авсан бөгөөд тухайн үед ашиглаж байсан Шувууны үүр цэнгэлдэх, Усан шоо төвүүдийг өвлийн олимпод дахин ашигласан юм. Хуучны хэд хэдэн байгууламжуудаа дахин ашигласан учраас нийт зардал харьцангуй бага буюу 3.9 тэрбум ам.долларт багтжээ. 

Наадамд 91 орны 2871 тамирчин спортын үндсэн долоон төрөлд 109 багц медалийн төлөө өрсөлдөв. Гаити, Саудын Араб улс өвлийн олимпын дебютээ хийжээ. 

Хүндэтгэх шалтгаангүйгээр Токиогийн олимпыг “тасалж”, олимпын хартийг зөрчсөн БНАСАУ-ыг 2022 он дуустал олимпын хөдөлгөөнд оролцохыг хориглосон тул оролцогчийн тоо нэгээр буурав. Мөн допингийн асуудлаас болж Оросын тамирчид Оросын үндэсний олимпын хороо нэрийн дор оролцсон юм. 

Холимог багийн хэд хэдэн төрөл олимпын хөтөлбөрт багтсанаар эмэгтэй тамирчдын эзлэх хувь 45-д хүрэв. Ингэснээр “Бээжин-2022” нь жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон өвлийн олимп болжээ. 

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал намжаагүй байсан тул олимпыг гаднын үзэгчдэд хаалттай явууллаа. Мөн хаалттай менежментийн систем хэрэгжүүлж, олимпын оролцогчид энгийн иргэдтэй холилдохгүй байхаар олимпыг зохион байгуулсан байна. 

Энэ олимпын гол баатар нь Норвегийн биатлонч Йоханнес Бё болов. Тэрбээр спринт, бөөн гараа, буухиа болон холимог буухиа уралдаанд түрүүлж, хувийн гараанаас хүрэл медаль зүүсэн. 

Түүнчлэн Оросын цаначин Александр Большунов гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль эх орондоо авчирсан. Тэрбээр сүүлийн хоёр олимпод есөн зайд уралдахдаа бүгдээс нь медаль хүртсэн өвөрмөц амжилтын эзэн болжээ. 

Америкт төрсөн хятад бүсгүй Гу Аилин фристайлын хоёр төрөлд түрүүлж, нэг мөнгөн медаль авснаар Хятад даяар үндэсний баатрын хэмжээнд хүндлэгдэх болов. Тэрбээр хоёрхон жилийн өмнө Лозаннд болсон залуучуудын олимпоос хоёр алт, нэг мөнгөн медаль авсан амжилтаа томчуудын олимпод ийн давтсан юм. 

Эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээн үзэж харах зүйл ихтэй байлаа. Ковидын улмаас NHL-ийн улирал багагүй хугацаанд тасалдсан тул тус лиг олимпод зориулж дахин завсарлага авахыг хүссэнгүй. Ингэснээр сүүлийн хоёр олимп дараалан NHL-ийн одод олимпыг өнжсөн юм. 

Хэсгийн эхний тоглолтдоо Словакийг 6:2-оор хожиж, өнгөлөг байгаагаа харуулсан Финландын шигшээ тэр эрчээрээ урагшилсаар түүхэндээ анх удаа олимпын аварга болов. Олимпын дараа фин хоккейчид ДАШТ-д мөн түрүүлсэн бөгөөд эдгээр амжилтаараа дэлхийн чансааг түүхэндээ анх удаа тэргүүлсэн юм. 

Түүнчлэн Словакийн шигшээ олимпын наадмын анхны медалиа Бээжингээс авсан. Тэд шөвгийн наймд Америкийн шигшээд хожигдож яваад цаг дуусахын хэдхэн секундын өмнө тоог тэнцүүлж чадсан. Улмаар буллитээр хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авсан эрчээрээ хүрэл медалийн төлөөх тулаанд Шведийг 4:0-ээр хожжээ. 

Багийн дүнгээр Норвеги сүүлийн хоёр олимп дараалан түрүүлэв. Тэд 16 алтан медаль авсан нь бүх цаг үеийн дээд амжилт болжээ. 

Зохион байгуулагч БНХАУ есөн алт, нийт 15 медаль авч, түүхэн дээд амжилтаа үзүүлэв. Оросууд уг нь нийт медалийнхаа тоогоор хоёр жагссан ч алтан медаль харьцангуй цөөн байсан тул есд бичигдэв. 

Харин Канадын баг дөрөвхөн алтан медаль хүртэж, эхний 10 байраас хойш унасан нь 1988 оноос хойших анхны тохиолдол болжээ. 

Шинэ Зеланд улс өвлийн олимпын түүхэн дэх анхны алтан медалиа хосоор нь авсан бол Бельги 1948 оноос хойш анхны алтаа зүүсэн байна. 

Монголчууд Бээжингийн олимпод цанын төрлөөр хоёр тамирчинтай оролцлоо. ОУХМ А.Энхтуул эмэгтэйчүүдийн спринт уралдаанд 3 минут, 58 секундын амжилтаар 79-р байрт орсон. Мөн 10 км-ийн уралдаанд 37:02 минутын амжилтаар 98 тамирчнаас 85-р байрт бичигдсэн. 

Хоёр дахь олимпдоо хурд сорьсон Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн спринтэд 3 минут, 11 секунд хурдлан 90 тамирчнаас 77-р байрт оров. Харин 15 км-ийн уралдаанд 43 минут, 29 секундэд замаа дуусгасан амжилтаар 99 тамирчнаас 65-р байрт орсон юм. 

Медаль авсан орнууд

Улс 

Алт 

Мөнгө 

Хүрэл 

Нийт

1Норвеги

16

8

13

37

2Герман

12

10

5

27

3БНХАУ

9

4

2

15

4АНУ

8

10

7

25

5Швед

8

5

5

18

6Нидерланд

8

5

4

17

7Австри

7

7

4

18

8Швейцар

7

2

5

14

9Оросын ҮОХ

6

12

14

32

10Франц

5

7

2

14

11Канад

4

8

14

26

12Япон

3

6

9

18

13Итали

2

7

8

17

14БНСУ

2

5

2

9

15Словен

2

3

2

7

16Финланд

2

2

4

8

17Шинэ Зеланд

2

1

-

3

18Австрали

1

2

1

4

19Их Британи

1

1

-

2

20Унгар

1

-

2

3

21Бельги

1

-

1

2

21Чех

1

-

1

2

21Словак

1

-

1

2

24Беларусь

-

2

-

2

25Испани

-

1

-

1

25Украин

-

1

-

1

27Эстони

-

-

1

1

27Латви

-

-

1

1

27Польш

-

-

1

1

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД