0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Vancouver 2010"



2010 оны өвлийн олимпыг зохион байгуулахын төлөө Канадын Ванкувер, Солонгосын Пёнчан, Австрийн Зальцбург хотууд нэрээ дэвшүүлэв. Эцсийн шатанд Ванкувер, Пёнчан хоёр маш ширүүн өрсөлдөж, канадууд 56:53-аар илүүрхжээ. Пёнчан эхний шатанд тэднээс 11 санал илүү авсан ч сүүлийн шатанд Зальцбургийн саналын ихэнх нь Ванкувер руу шилжсэн юм. Олимпын хот тодруулах сунгаанд Сидней, Бээжин хотууд хоёрхон саналаар илүүрхсэн нь хамгийн бага зөрүүтэй тохиолдол болж байжээ. 

82 орны 2566 тамирчин Ванкуверт хөл тавьж, дээд амжилтыг дахин ахиулав. Канадчууд олимп зохион байгуулахад 1.3 тэрбум ам.доллар зарцуулсан нь өмнөх олимптой харьцуулахад хамаагүй бага дүн юм. 

Олимпын бамбар 106 хоногийн турш 45 мянган км зам туулан аялсан нь өвлийн олимпын түүхийн дээд амжилт болов. Бамбарын буухианд 12 мянга орчим хүн оролцож, мянга гаруй суурин газраар дайран өнгөрчээ. 

Кайманы арлууд, Колумб, Гана, Монтенегро, Пакистан, Перу улс өвлийн олимпод дебютээ хийв. Түүнчлэн өмнөх олимпыг өнжсөн Ямайк, Мексик, Марокко улс эргэн иржээ. Тонга улс түүхэндээ анх удаа чарганы нэг тамирчнаа оруулахад ойрхон байв. Гэвч өнөөх тамирчин нь урьдчилсан шатны сүүлийн уралдааны үеэр хүнд гэмтэл авчээ. Люксембург улс хоёр тамирчинтай оролцох байсан ч нэг нь ОУОХ-ны шалгуурыг хангаж чадсангүй. Нөгөөх нь олимп эхлэхийн өмнөхөн гэмтэл авсан байна. 

Олимпын үеэр Британийн Колумбид цаг агаар дулаан байсан нь зохион байгуулагчдын толгойны өвчин болж байлаа. Тэд цана, биатлон, уулын цанын тэмцээнд зориулж хиймэл цас ашиглав. Харин мөсөн зам дээр явагддаг чарга, бобслейн тэмцээнийг хийхэд хүндрэл учирч байлаа. Их халснаас болж цас хайлж, хатууран тамирчид гэмтэл авах магадлал нэмэгдсэн. Цанын гол фаворитуудын нэг Словенийн П.Майдич бэлтгэлийн үеэр унаж, хэд хэдэн хавиргаа хугалжээ. Майдич ийн гэмтсэн ч спринт уралдаанаас хүрэл зүүж, аргагүй сайн тамирчин болохоо харуулсан. 

Гэхдээ үүнийг Уистлерт болсон чарга, бобслейн тэмцээний осолтой харьцуулахын аргагүй. Нээлт болох өдөр Гүржийн чаргачин Нодар Кумариташвили энд бэлтгэл хийх үеэр осолд орон амиа алдсан юм. Үүнээс болж Уистлерийн замыг үхлийн зам хэмээн нэрлэх болжээ.

Норвегийн цаначин Марит Бьорген гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл, нийт таван медаль авч, Ванкуверийн олимпын гол баатраар тодорлоо. Түүний нутаг нэгт биатлонч Бьорндален нэг алт, нэг мөнгийн эзэн болсноор өвлийн олимпоос 11 дэх медалиа авч, бүх цаг үеийн рекордын эзэн Бьорн Дэлид алхам ойртов. Дэлигийн хувьд 8 алт, 4 мөнгө, нийт 12 медальтай билээ. 

Өмнөх олимпын уран гулгалтад ноёлсон оросууд энэ удаа нэг мөнгө, нэг хүрэл гэсэн даруухан амжилт үзүүллээ. Найдвар тавьж байсан Плющенко нь Э.Лайсачект ялагдсан бол бүжгийн хос төрөлд О.Домнина/М.Шабалин нар хүрэл зүүжээ. Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эзэн орны тамирчин Жоанни Рошетт хүрэл медалийн эзэн болсон нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн байх. Учир нь түүнийг үзүүлбэрээ хийхээс гуравхан хоногийн өмнө ээж нь нас бараад байв. Гэвч хүнд хэцүүг даван туулж, медальд хүрч чадсан нь бахархалтай. 

Хоккейн тэмцээнд Канадын шигшээ алдсан алтан медалиа эргүүлэн авав. Тэд шөвгийн наймд гол өрсөлдөгч Оросыг 7:3-аар, хагас шигшээд Словакийг 3:2-оор, финалд хөрш Америкийг 3:2-оор буулган авсан юм. Канадууд шигшээд 2:0-ээр тэргүүлж байсан ч Кеслер тоог ойртуулсан. Улмаар цаг дуусахаас хорь гаруйхан секундын өмнө З.Паризе тоог тэнцүүлжээ. Улмаар аз сорьсон нэмэлт цаг эхлэхэд Канадын багийн гол найдвар С.Кросби хожлын шайбыг хийж, эх орондоо алтан медаль авчирлаа. Сид тэмцээний турш олны хүсэн хүлээж байсан хэмжээнд тоглоогүй ч чухал мөчид ийн тодорсон юм.

Шигшээ тоглолтыг Канадад 26.5 сая хүн шууд үзэж, тус улсын телевизийн түүхэнд дээд амжилт тогтоосон. Харин Америкт 27.6 сая хүн үзсэн нь хоккейн тэмцээний сүүлийн 30 жилийн рекорд болжээ. 1980 оны олимпын алтан медалийн хувь заяаг шийдэх Америк-Финландын тоглолтыг үүнээс олон хүн үзсэн гэдэг.

Канадын эмэгтэй хоккейчид ч гэсэн алдсан алтан медалиа эргүүлэн авсан. Гэхдээ тэд медалиа авсны дараа ордны мөсөн дээр тамхи татаж, оргилуун дарс ууж байгаа зураг нь нийтэд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлж байв.

Багийн тэргүүн байрын төлөөх өрсөлдөөн урьд өмнө байгаагүй ширүүн өрнөсөн. Нутгийн эзэн Канад болон Герман, Америк, Норвегийн баг нийлбэрээр тэргүүлэхийн төлөө өрсөлдсөн юм. Америкчууд бүх цаг үеийн дээд амжилт болох 37 медаль авсан ч канадчууд алтынхаа тоогоор илүүрхсэн. Хоккейчид нь сүүлийн өдөр түрүүлснээр тэд 14 алтан медальтай болж, цагаан олимпын дээд амжилтыг тогтоожээ. 

Ази тивийн төлөөлөл БНСУ, БНХАУ-ын баг түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлж, ирээдүйд цас мөсний орны шилдгүүдтэй өрсөлдөх болно гэдгээ харуулсан. Харин оросууд гурван алтан медальтайгаар 11-р байр эзэлсэн нь өвлийн олимпод оролцсоноос хойших 54 жилийн түүхэнд нь хамгийн тааруу амжилт болжээ. Тамирчид нь амжилт муутай оролцсон тул Оросын ҮОХ-ны ерөнхийлөгч Л.Тягачев олимпын дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Монголчууд Ванкуверийн олимпод гүйлтийн цанын төрлөөр хоёр тамирчинтай оролцлоо. Эрэгтэйчүүдийн 15 км-т уралдсан Х.Хаш-Эрдэнэ 87-р байр эзэлсэн бол хоёр дахь олимпдоо хурд сорьсон Э.Очирсүрэн эмэгтэйчүүдийн 10 км-т 73-р байр эзэлжээ.

Медаль авсан орнууд

Улс 

Алт 

Мөнгө 

Хүрэл 

Нийт

1Канад

14

7

5

26

2Герман

10

13

7

30

3АНУ

9

15

13

37

4Норвеги

9

8

6

23

5БНСУ

6

6

2

14

6Швейцар

6

-

3

9

7-8.Швед

5

2

4

11

7-8.БНХАУ

5

2

4

11

9Австри

4

6

6

16

10Нидерланд

4

1

3

8

11ОХУ

3

5

7

15

12Франц

2

3

6

11

13Австрали

2

1

-

3

14Чех

2

-

4

6

15Польш

1

3

2

6

16Итали

1

1

3

5

17-18.Беларусь

1

1

1

3

17-18.Словак

1

1

1

3

19Их Британи

1

-

-

1

20Япон

-

3

2

5

21-22.Хорват

-

2

1

3

21-22.Словен

-

2

1

3

23Латви

-

2

-

2

24Финланд

-

1

4

5

25-26.Эстон

-

1

-

1

25-26.Казахстан

-

1

-

1

 Нийт

86

87

85

258

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД