0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Garmisch-Partenkirchen 1936"



Олимпын наадам улс төрөөс ангид байж чадаагүйн нэг жишээ нь “Гармиш Партенкирхен-1936” болжээ. Тэр жил нацист дэглэмийн удирдагч Гитлерийн нөлөөгөөр өвөл, зуны олимп хоёул Германд зохиогдсон юм. Гитлер Германы засгийн эрхэнд гараад спортоор дамжуулан нацист дэглэмийн хүч чадлыг дэлхий нийтэд харуулахыг хүссэн. Харин түүний өмнөөс үгүй гэж хэлж чадах хүч тухайн үеийн ОУОХ-нд байсангүй. Ингээд өвлийн IV олимп Германы Бавари мужийн жижиг хот Гармиш Партенкирхенд болжээ. 

Гэхдээ Гармиш Партенкирхений олимп эхлэхээсээ л олны эсэргүүцэлтэй тулгарч байлаа. 1935 онд тус хотод очсон Английн сэтгүүлч, гэрэл зурагчин эр “Еврей хүмүүст энд байх орон зай алга” гэж бичсэн нь дэлхий нийтэд шуугиан тарьсан юм. Спортын хэд хэдэн том зүтгэлтэн олимпыг бойкотлох тухай ярьж, байдал эвгүйтэж ирэв. Харин тэр үед ОУОХ-г удирдаж байсан Анри де Байе-Латур немцүүдтэй ярилцаж, олимпын үеэр хүний эрхийг зөрчсөн ямар ч үйлдэл гаргаж болохгүй талаар тохиролцсоноор байдлыг зөөлрүүлсэн юм.

Гэхдээ л Америкийн тэшүүрчин, өмнөх олимпын аварга Жек Ши, Норвегийн тамирчин, “Санкт Мориц-1928”-ын аварга Бернт Эверсен, Францын уран гулгагч, олимпын хошой аварга Андре болон Пьер Брюне нарын алдартай тамирчид Германы харгис дэглэмийг эсэргүүцэн олимпод оролцохоос татгалзжээ.

Хаа очиж олимп цаг агаарын туйлын тааламжтай нөхцөлд явагдлаа. Өмнөх олимпуудын үеэр цасан шуурга тавих, хэтэрхий дулаарах, эсвэл цас орохгүй байх зэрэг цаг агаарын гэнэтийн зүйл байнга тохиолдож байсан бол энэ удаа тэнгэр хангай тамирчдыг харж үзсэн юм. Мөн бүх л тэмцээн уралдаан битүү үзэгчтэй байсан нь олимпын наадмын үеэр урьд өмнө тохиолдож байгаагүй зүйл байлаа. Тэр ч байтугай олимпийн наадмын тухай кино театруудаар гарахад сая гаруй хүн ирж үзсэн тооцоо гарчээ. 

Хэдийгээр олон улс Германд болсон олимпыг бойкотлох талаар ярьж байсан ч 28 орны 646 тамирчин (үүнээс 80 нь эмэгтэй) ирж оролцлоо. Энэ нь өвлийн олимпын шинэ рекорд болсон юм. Тамирчид найман спортын төрөлд 17 багц медалийн төлөө өрсөлджээ. Австрали, Болгар, Грек, Испани, Лихтенштейн, Турк гэсэн зургаан улс анх удаа цагаан олимпод хүч сорьжээ. Түүнчлэн өмнөх олимпыг өнжсөн Эстони, Латви, Голланд, Югославын тамирчид эргэн ирсэн юм. 

Энэ удаагийн олимпод уулын цанын төрөл шинээр бүл нэмлээ. Гэвч энэ спортоор дээгүүр өрсөлддөгч Швейцар, Австрийн уулын цаначид олимпод оролцохоос татгалзав. Харин Австрийн уулын цаначин Густав Ланшнер Германы нэрийн өмнөөс олимпод оролцож, мөнгөн медаль хүртжээ.

Энэ удаагийн олимпод цанын буухиа төрөл (4х10 км) нэмэгдсэн нь олны сонирхлыг их татав. Тус уралдаанд Финландын баг түрүүлж, Норвеги удаалан шведүүд хүрэл медаль хүртжээ. Уралдааны төгсгөл хэсэг тун өрсөлдөөнтэй, сэтгэл хөдөлгөм болсон гэдэг. Норвегийн сүүлийн хүн Б.Иверсен арын өрсөлдөгч Финландын К.Ялканенаас минут гарангаар түрүүлж байлаа. Гэтэл Ялканен хүнд баймгүй их хүч гарган ширүүн дайралтаар өрсөлдөгчөө гүйцэж чадсан юм. Энэ амжилтаараа тэр олимпын баатруудын нэг болж, зураг нь шуудангийн марк дээр хэвлэгдэж байжээ. Харин “Гармиш Партенкирхен-1936”-гийн хамгийн хурц од нь Норвегийн Ивар Баллангруд байв. Тэрбээр гүйлтийн тэшүүрийн дөрвөн зайн гуравт нь (500, 5000, 10000 м) аваргалж, 1500 метрт мөнгөн медаль хүртсэн юм. Тухайн үед Норвегийн эмэгтэй тэшүүрч Лайла Шоу-Нильсен 500, 1000, 1500, 3000, 5000 метрт дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан гэдэг. Гэвч эмэгтэйчүүдийн тэшүүрийн төрөл олимпын хөтөлбөрт хараахан багтаагүй байсан тул энэ алдарт бүсгүй түүхэнд нэрээ үлдээж чадаагүй юм. Гэхдээ тэрбээр олон талт авьяастай болохоо харуулж, уулын цанаар хүрэл медаль хүртжээ.

Түүнчлэн Норвегийн уран гулгагч Соня Хени гурван олимп дараалан эмэгтэйчүүдийн төрөлд аваргаллаа. Тэрбээр олимпын дараа Америкийн мөсөн дээрх балетад ур чадвараа сорих болсон байна. 

Энэ олимпын гол сенсаац хоккейн тэмцээнд дэгдлээ. Өмнөх гурван олимпод итгэл төгс түрүүлсэн Канадын шигшээ анх удаа аваргалж чадсангүй. Олимпын хоккейд урьд өмнө дуулдаагүй их тоо буюу 15 орон оролцох мэдүүлгээ ирүүлжээ. Тиймээс багуудыг дөрвөн хэсэгт хувааж, шилдэг найман баг дахин хоёр бүсэд хуваарилагдах схемийг зохион байгуулагчид сонгосон юм. 

Хоккейн эх орныхон хэсэгтээ гурав хожиж, итгэл төгс нэгээр гарч ирэв. Гэвч дараагийн шатанд Их Британид 1:2-оор дийлджээ. Цаг дуусахаас хоёр минутын өмнө Их Британийн довтлогч Э.Бренчли хожлын шайбыг хийсэн байна. Хэрвээ сүүлийн тойрогт Америкийн баг Британийн хоккейчдыг хожвол Канадад боломж гарч ирэх байсан. Гэвч гурван удаа цаг сунгасан хүндхэн тулаан 0:0-ээр өндөрлөж, Британийн хоккейчид эхний бөгөөд эцсийн томхон амжилтаа гаргасан юм. Дайны дараа британичууд дэлхийн хоккейн элитүүдийн тоонд багтахаа больсон байлаа. 

Багаа аваргалахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь хаалгач Жеймс Фостер байв. Тэрбээр олимпын турш айлын олон цохилтыг няцааж, долоон тоглолтод гуравхан гоол алджээ. Олимп өндөрлөснөөс гурван долоо хоногийн дараа Германы цэргүүд Рейн дэх зэвсэггүй бүсийг орхин гарснаар дэлхийн хоёрдугаар дайны эхлэл тавигдсан юм. Олимпод оролцож байсан олон тамирчин үүнээс хэдэн жилийн дараа Германы армид багтан өрнөд фронтод тулалдаж, амиа алдсан түүхтэй.

Медаль авсан орнууд

Улс 

Алт 

Мөнгө 

Хүрэл 

Нийт

1Норвеги 

7

5

3

15

2Герман 

3

3

0

6

3Швед 

2

2

3

7

4Финланд 

1

2

3

6

5Швейцар 

1

2

0

3

6Австри 

1

1

2

4

7Их Британи 

1

1

1

3

8АНУ 

1

0

3

4

9Канад 

0

1

0

1

10-11.Унгар 

0

0

1

1

10-11.Франц 

0

0

1

1

 Нийт 

17

17

17

51

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД