БРЕЙК БҮЖГИЙН ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧДЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй брейк бүжгийн тамирчин, дасгалжуулагчдыг чадваржуулах сургалт семинарын нээлт өнөөдөр Олимпик хауст боллоо.
Семинарын нээлтэд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтаад буй брейкинг бүжгийнхэнд өндөр амжилт хүсэж, ирээдүйд олимпын наадамд өрсөлдөхийг хүсэн ерөөв.
Практик голлосон энэхүү сургалтаар биеийн хөгжлийн дасгалжуулалт, хурд, тэсрэлт, суурь хөдөлгөөнүүд болон шилжилт, хүчний хөдөлгөөнүүдийн техникүүдийг заах юм.
Сургалтыг Дэлхийн бүжгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, тус холбооны Брейкинг хэлтсийн тэргүүн, Тайвань улсын иргэн Bboy Bojin удирдан явуулж байна.
Сургалт семинар зургаан өдөр үргэлжлээд арваннэгдүгээр сарын 1-нд өндөрлөнө.