МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД МҮОХ НЭГДЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд МҮОХ-ны хамт олон нэгдэж, “Баянгол агро парк”-д мод тарилаа. Энэ өдөр мөн Монголын хүүхдийн ордон, ҮБТДС, Монголын дугуйн холбоо, Монголын бадминтоны холбоо, Монголын цанын холбоо, Монголын бүжгийн холбоо, Монголын волейболын холбооны төлөөлөл нэгдэж, тус паркад мод тарьсан юм.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир “Судалгаанаас харахад Монгол орны газар нутгийн 70-77 хувь нь ямар нэгэн байдлаар доройтолд өртсөн байна. Өдрөөс өдөрт цөлжилтөд нэрвэгдэж байгаа газар нутгаа хайрлан хамгаалах ажлыг биднээс өөр хэн хийх билээ. Тэрбум мод тарих энэхүү уриалгыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэн бүрийн оролцоо чухал. Бидний санаачилгад МҮОХ-ны хамт олон, алдартай тамирчид маань нэгдэж буйд талархаж байна” гэв.
Харин МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Мод тарьж ургуулах нь Монгол Улсад ус, агаар мэт чухал. Ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэхэд спортын салбарынхан идэвхтэй оролцох болно” гэлээ.
Өнөөдрийн мод тарих үйлсэд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон Д.Отгондалай, Г.Мандахнаран, Т.Санчир тэргүүтэй тамирчдын төлөөлөл, МҮОХ-ны аппаратын ажилтнууд нэгдэв.
Байгууллага, хамт олны тарьсан моддыг тус паркийн инженер, ажилтнууд хамгаалан арчилж, ургуулах юм.