АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, УДИРДЛАГУУД МҮОХ-НД ЗОЧЛОВ
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд Архангай аймгийнхан цөөнгүй ажил өрнүүлж байна.
Тухайлбал, аймгийн төвийн 5-р цэцэрлэгийн “Миша” олимпын танхимын санаачилгаар гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 21-ний хооронд “Олимп бидний ирээдүй” сарын аяныг зохион байгуулсан байна. Үүний төгсгөл болгож тус аймгийн 13 цэцэрлэгийн төлөөлөл өнөөдөр Олимпик хауст зочилж, МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцан Олимпын музей үзэж сонирхов.
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал нар цэцэрлэгийн багш нарыг хүлээн авч уулзан, болзолт уралдааны явц болон МҮОХ-ноос хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Энэ үеэр Архангай аймгийн “Мехико” олимпын зөвлөлийн дарга Ц.Нэргүйбаатар “Манай аймаг болзолт уралдааны хүрээнд гурван үе шаттай үйл ажиллага явуулж байна. Бид аянаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагаасаа эхэлье гэж шийдсэн юм. Үүний хүрээнд “Олимп бидний ирээдүй” сарын аяныг амжилттай зохион байгуулж дууслаа.
Бид цэцэрлэг гэхээр 2-5 настай хүүхдүүдийг л төсөөлөөд байдаг. Гэтэл тэр хүүхдийн ард эцэг эх, эмээ, өвөө, ах, эгч гээд 5-6 хүн байдаг. Нэг хүүхдээр дамжуулаад тухайн айлын 5-6 хүнд олимпын боловсрол олгож байна гэсэн үг.
Бид болзолт уралдааны хүрээнд нийт зургаан төрлийн арга хэмжээг сарын турш зохион байгуулахад 300 гаруй хүүхэд, 300 гаруй багш ажилчид, 200 гаруй эцэг эх гээд нийт 800 гаруй хүн хамрагдлаа. Манай аймаг бүтэн сарын турш олимпоор амьсгаллаа” хэмээсэн юм.
Болзолт уралдааны хоёр дахь шатны хүрээнд Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд өрнөж буй аян тавдугаар сарын 15-нд өндөрлөх юм байна.