СПОРТЫН ГЭМТЛИЙН ШИНЭ ЭМЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИЙГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс өнөөдөр Спортын гэмтлийн шинэ эмчилгээ, шинэ технологи танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт эмнэлгийн захирал Х.Бат-Ирээдүй, ажилчин албан хаагчид, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, олимпын медальт тамирчин М.Уранцэцэг, Д.Отгондалай, паралимпын аварга Д.Баатаржав болон “Парис-2024” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдын төлөөлөл байлцав.
Тус эмнэлэг 2024 он хүртэл гэмтлийн дараах сэргээн засал, тэр дундаа спортын гэмтлийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж буй. Үүний хүрээнд спортын гэмтэл болон сэргээн засах тусламж үйлчилгээний аппарат, тоног төхөрөмжүүдээ шинэчлэн сайжруулах ажлуудыг үе шаттай хийж байгаа юм.
Тухайлбал, гэмтлийн үений хагалгаа хийгддэг 4К дуранг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Мөн shockwave буюу өндөр давтамжтай долгионоор сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Үүнээс гадна ясны нягт тодорхойлох чиглэлээр хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.
“Манай эмнэлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ технологи, инновац нэвтрүүлэх чиглэлд анхаардаг. Үүний хүрээнд үйл ажиллагаандаа хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай аппарат, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах өдөрлөгийг зохион байгуулж байна” хэмээн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Х.Бат-Ирээдүй ярив.
Түүнчлэн тус эмнэлгийн сэргээн засах эмч Э.Санжаадорж “Тухайн тамирчин бэртэж гэмтлээ гэхэд хаана очихоо мэддэггүй. Ихэвчлэн хувийн эмнэлгээр үйлчлүүлдэг. Харин манай эмнэлгийн хувьд спортын гэмтлийг оношилж, эмчлэх үйл явцыг нэг цэгт нэгтгэн төвлөрүүлэх байдлаар цогц үйлчилгээ үзүүлж байгаагаараа онцлогтой.
Эдгээр тоног төхөөрөмж улсын эмнэлгүүдэд бараг байхгүй. Харин цөөн хэдэн хувийн эмнэлэгт л байдаг. Бид гэмтлийн үед ашиглагдах шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бүгдийг суурилуулж, эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үйлчилж байна” хэмээн тайлбарлалаа.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь МҮОХ-той Парисын олимпын мөчлөг дуустал хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд Парисын олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчид ТТАХНЭ-ээс өндөр зэрэглэлийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдээд байгаа юм.