БНХАУ-ЫН СПОРТЫН ГАЗРЫН ӨВЛИЙН СПОРТ ХАРИУЦСАН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
БНХАУ-ЫН СПОРТЫН ГАЗРЫН ӨВЛИЙН СПОРТ ХАРИУЦСАН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр МҮОХ-ны удирдлагууд холбогдох өндөр дээд албан тушаалтан болон хариуцсан захирлуудтай хийх албан уулзалтууд үргэлжилсээр байна.
Өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, багийн ахлагч Ц.Сандуй нар БНХАУ-ын Спортын газрын өвлийн спорт хариуцсан ерөнхий захирал Ни Хуйжун, БНХАУ-ын тэшүүрийн холбоо болон өвлийн спорт хариуцсан төлөөлөлтэй уулзаж, өвлийн спортыг тэр дундаа шинэ тутам хөгжүүлэх боломжтой спортын төрлүүдийн талаар санал солилцлоо.
Талууд хоёр орны спортын салбарын хамтын ажиллагаа сайн явагдаж байгааг цохон тэмдэглэв. Цаашид өвлийн спортын цана, тэшүүр, биатлоны төрлүүд болон шинээр хөгжүүлэх боломжтой кёрлинг, чарга, бобслейн төрлүүдийг хөгжүүлэх, тамирчдыг бэлтгэл хийлгэх, туршлага судлах, тэмцээн уралдаан зохион байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын тал илэрхийллээ.
Ноён Ни Хуйжун нь 2015 онд БНХАУ-ын ҮОХ-ны удирдлагуудын хамт Монгол Улсад албан айлчлал хийж байсан нь гүн сэтгэгдэл үлдээсэн талаар дурсаад ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван болон найрсаг дотно хүлээн авч байсан МҮОХ-ны талд дахин талархал илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын II наадмыг амжилттай зохион байгуулахыг хүсэн ерөөгөөд ирэх есдүгээр сард Ханжоу хотноо болох Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсэв. Эдгээр наадмуудад оролцох талаар БНХАУ-ын ҮОХ-нд уламжлах болно гээд өөрийн зүгээс өвлийн спортыг хөгжүүлэх тал дээр мэргэжлийн зүгээс хамтран ажиллахаа дахин илэрхийлэв.
Бээжин хот, Үндэсний цэнгэлдэх