МОНГОЛЫН БӨХЧҮҮД НУТГИЙН ДЭВЖЭЭН ДЭЭРЭЭ 12 МЕДАЛЬ АВАВ
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ дөрөвдүгээр сарын 19-24-нд Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Ази тивийн 20 орны 250 гаруй тамирчин бөхийн гурван төрөлд өрсөлдөв.
Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд иранчууд 10 жингийн зургаад нь түрүүлж, нийт найман медальтайгаар өнгөллөө. Харин эмэгтэй чөлөөт бөхөд Японы бүсгүйчүүд долоон алтан медаль хүртсэн амжилтаар илт давуу түрүүлсэн.
Манай эмэгтэй бөхчүүд дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багаараа аман хүзүүдсэн бол эрчүүд хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар багаараа тавдугаар байрт орлоо.
Эмэгтэйчүүдээс Ц.Намуунцэцэг (50 кг), Б.Хулан (53 кг), Г.Отгонжаргал (55 кг), Б.Шоовдор (59 кг) нар мөнгө, Х.Болортуяа (57 кг), Б.Хонгорзул (62 кг), Ө.Пүрэвсүрэн (65 кг), Э.Дэлгэрмаа (68 кг), Э.Даваанасан (72 кг) нар хүрэл медаль хүртсэн.
Харин эрэгтэй бөхчүүдээс Д.Оргилох (92 кг), Ө.Батзул (97 кг) нар үзүүрлэж, Э.Батмагнай 125 кг-д хүрэл медаль хүртлээ.
Гэрэл зургийг: Монголын чөлөөт бөхийн холбоо