“СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ” ХХК-ТАЙ МӨНГӨН ТҮНШИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
МҮОХ, “Скай хайпермаркет” ХХК хооронд Мөнгөн түншийн гэрээ байгуулах ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо. Гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Скай хайпермаркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Жавзмаа нар гарын үсэг зурав.
Гэрээний хүрээнд “Скай хайпермаркет” ХХК, ИМарт сүлжээ дэлгүүр нь МҮОХ-ны таван цагариг бүхий логог ашиглах эрхтэй болсноос гадна МҮОХ-ноос зохион байгуулж буй арга хэмжээ, тив, олимпын наадамд хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм.
Энэ үеэр “Скай хайпермаркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Жавзмаа “Манай компани байгуулагдсан цагаасаа хойш спорт, олимпизмыг дэмжсээр ирсэн. Спорт бол эрч хүчний бэлгэдэл. Харин тамирчид маань улс орныхоо нэрийг өндөрт өргөж, ард түмнээ баярлуулсаар ирсэн. Тиймээс ИМартын хамт олон тамирчдаа үргэлж дэмждэг. МҮОХ-той мөнгөн түншийн гэрээ байгуулсан нь ч тамирчдаа дэмжиж буйн нэг хэлбэр юм” хэмээн ярилаа.
Хамтын ажиллагааны гэрээ “Парис-2024” олимпын наадмыг дуустал үргэлжилнэ.