0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ӨМНӨГОВЬ АЙМАГ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ХҮРЭЭНД 86 АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, МҮОХ-ны мэргэжилтэн Б.Өсөхбаяр, МУБИС-ийн багш, Болзолт уралдааныг зохион байгуулах комиссын гишүүн Г.Одбаатар нар Өмнөговь аймгийн БШУГ, БТСГ, “Афин” олимпын зөвлөлийн урилгаар Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд ажиллалаа.

Төлөөлөгчид Өмнөговь аймгийн Засаг даргын нийгмийн салбар хариуцсан орлогч дарга Ч.Баяржаргал, мэргэжилтэн Э.Мягмарсүрэн нартай уулзаж, ирсэн ажлын зорилго болон цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Мөн Даланзадгад сумын ерөнхий боловсролын зургаан сургуулийн биеийн тамирын багш нар болон БТСГ-ын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт семинар зохион байгуулж, болзолт уралдааны зорилго, ач холбогдлын талаар тайлбарлаж, анхаарах асуудал дээр зөвлөгөө өгөв.

Үүний дараа Даланзадгад хотын биеийн тамир, спортын тусгай сургалттай 7-р сургуулийн “Элсэн цагариг” олимпын танхимын үйл ажиллагаатай танилцаж, 2040 оны “Мөрөөдлийн 37-р олимп”-ын нээлтийн театрчилсан тоглолтыг үзэж сонирхлоо. Уг үзүүлбэр тоглолтод тус сургуулийн бүх багш, сурагч хамрагдаж, олимпын нээлтийг бүх дэс дараалал, дүрмийн дагуу хийж харуулсан нь хүрэлцэн ирсэн зочид, эцэг эхчүүдээс өндөр үнэлгээ авав.

Түүнчлэн “Бөртэ чоно” шагналын эзэн, улсын тэргүүний 3-р сургуулийн олимпын танхимын болзолт уралдааны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, тус сургуулийн авьяаслаг хүүхдүүдийн урлагийн номерыг үзэж сонирхлоо. Эдгээр хүүхдүүдийн дотор Монгол Улсын гурван сая дахь иргэн, 3-р ангийн сурагч Монголжин охин байж ая дуугаа өргөсөн нь гол онцлог болов.

Өмнөговь аймгийн “Афин” олимпын зөвлөл, аймгийн БШУГ, БТСГ нягт уялдаатай ажиллаж, болзолт уралдааны хүрээнд 86 цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД