ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМ: БАГИЙН АХЛАГЧ НАРЫН ХУРАЛ БОЛЛОО
Маргааш буюу наймдугаар сарын 16-ны 20 цаг 23 минутад Төв цэнгэлдэх хүрээлэнд Зүүн Азийн залуучуудын наадам нээлтээ хийнэ.
Тус наадамд оролцох Үндэсний олимпын хороодын багийн ахлагч нарын хурал өнөөдөр Блю Скай зочид буудалд боллоо.
Хуралд Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар оролцов.
Хурлын эхэнд Зохион байгуулах хорооны зүгээс наадмын бэлтгэл ажлын төлөвлөгөө, тэмцээний хуваарийг танилцуулж, цаг үеийн бусад мэдээллийг өгөв.
ҮОХ-дын зүгээс тээвэр ложистик болон баг тамирчдын байр, бэлтгэлийн хуваарийн талаар тодруулж, нэмэлт мэдээлэл авав.
Наадмын бэлтгэл ажлаас гадна хамгийн чухал арга хэмжээ болох нээлтийн ёслолд гол анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй болохыг Зүүн Азийн олимпын хорооны Дүрэм болон спортын хорооны дарга Вэй Дайшунь энэ үеэр онцолсон юм.
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд 7 ҮОХ-ны 808 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ жигдрүүлээд байна.