0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

М.ЛХАГВАГЭРЭЛ ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ

Токиогийн олимпод шагналт V байр эзэлж, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, наадмаар улсын заан цолд хүрсэн М.Лхагвагэрэл амжилтаа ахиулсаар байна. Тэрбээр Сербид үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-д учраа бүрээ ялсаар аваргын төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.

Манай бөх шөвгийн 16-д Узбекистаны Х.Рахимовтой барилдах байсан ч учраа бөх нь гэмтэл авснаар дэвжээнд гарч ирээгүй. Харин шөвгийн наймд Казахстаны О.Болтиныг 4:2-оор хожин их шөвөгт шалгараад байсан.

Улмаар хагас шигшээд Гүржийн алдарт бөх, дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Гено Петриашвилиг 4:2-оор буулган авч, финалд барилдах эрхтэй болсон юм.

М.Лхагвагэрэл дэлхийн аваргын төлөө өөр нэг домогт бөх, олимп, дэлхийн аварга Туркийн Таха Акгультай барилдана.

Хоёр бөх Токиогийн олимпод хүрэл медалийн төлөө хүч үзэхэд Таха Акгуль 5:0-ээр хожиж байв. Харин энэ удаа эр бяр нь жагсаж яваа манай бөх хариугаа авах боломж гарч ирж байна. М.Лхагвагэрэлдээ амжилт хүсье.

Гэрэл зургийг Д.Нямбилэг /МССХ/

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД