МАНАЙ ХОЁР БАГ ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЛЭЭ
3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны эрэгтэй шигшээ баг энэ удаагийн тэмцээнд Хятадын Тайпэй, Филиппин, Хонконг, Йорданы багтай нэг хэсэгт орсон билээ.
Монголын баг хэсгийн сүүлийн тоглолтоо ижилхэн амжилттай явсан Филиппинийг 21:12-оор буулган авснаар хэсгээ тэргүүллээ.
Хятадын Тайпэй, Филиппиний багууд хэсгээс 2 болон 3-аар гарч, шөвгийн наймд өрсөлдөх эрхийн төлөө нэмэлт тоглолт хийхээр болжээ. Харин хэсгээ тэргүүлсэн Монголын баг маргааш хасагдах шатны тоглолт хийнэ.
Эмэгтэй баг өнөөдөр Филиппинтэй тоглох байсан ч өрсөлдөгч нь хасагдсан тул шууд хожлоор тооцогдов. Ийнхүү хэсэгтээ гурав хожилтой Монголын эмэгтэй баг шөвгийн наймд шууд оролцох тийзээ авсан. Харин Йордан, Хонконгийн багууд нэмэлт тоглолт хийх аж.