0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ОУОХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ХУАН АНТОНИО САМАРАНЧ МҮОХ-НД ЗОЧИЛЛОО

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн урилгаар өнөөдөр Олимпик хауст зочиллоо.

Уг арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Ч.Амарсанаа, Д.Отгондалай болон чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт тамирчин М.Лхагвагэрэл дасгалжуулагч Б.Баттулгын хамт байлцав.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр манай тамирчдын сүүлийн үед оролцсон тэмцээн уралдаан, олимпын наадмуудын үр дүнгийн талаар танилцуулж, ирэх онд Улаанбаатар хотноо зохиогдох Зүүн Азийн залуучуудын наадмын мэдээллийг өглөө.

Ноён Самаранч манай улс тус наадмыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Би Монголд байх хоёр өдөртөө спортын салбарын ихэнх том албан тушаалтнуудтай уулзлаа. Маш ажил хэрэгч, боловсролтой хүмүүс энэ наадмын зохион байгуулалтыг хариуцаж байгааг харсан. Тиймээс монголчууд Зүүн Азийн залуучуудын наадмыг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Мөн тэрбээр Парисын олимпын зохион байгуулалт өндөр түвшинд байгааг дуулгаж, урьд өмнө үзэж байгаагүй өвөрмөц олимпын наадам болно гэсэн хүлээлттэй байгааг хэлэв. “ОУОХ-ны зүгээс залуусыг спортод татан оролцуулах, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах тал дээр бодлогоо чиглүүлж байгаа. Энэ тал дээр танай ҮОХ-той хамтран ажиллахад нээлттэй байна” хэмээн тэрбээр хэлсэн юм.

Ноён Самаранч уулзалтын дараа Олимпын музей үзэж танилцлаа.

Түүний аав, ОУОХ-ны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч 1987 онд МҮОХ-ны урилгаар манай улсад айлчлахдаа Олимпын музейн нээлтэд оролцож байсан билээ.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД