ТӨВ АЙМГИЙНХАН БОЛЗОЛТ УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА
Түүнийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга С.Цогбаяр, БТСГ-ын дарга Д.Алтанхуяг, “Сөүл” олимпын зөвлөлийн дарга Ц.Чанцал нар угтан авч, мэдээ мэдээллийг хүргэн санал солилцлоо.
2017-2018 онд зарласан анхдугаар болзолт уралдаанд Төв аймаг амжилттай оролцож, нийлбэр дүнгээр эхний тавд орсон. Энэ удаад ч Төв нутгийнхан нэгдсэн зохион байгуулалттайгаар бэлтгэл ажилдаа шуурхайлан ороод байгааг Ц.Чанцал дарга дуулгав. Мөн аймгийн зүгээс спорт, олимпизмыг хэрхэн дэмжиж байгаа талаар Засаг даргын орлогч Ц.Буманбуян танилцууллаа.
Тэрбээр “Манай аймгийн удирдлагууд орон нутагтаа спорт, олимпзизмыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгөх үүрэг хүлээсэн хүмүүс. Манай аймгаас олимпын алт, мөнгө, хүрэл медальтан төрөн гарсанд бид бахархалтай байдаг. Үүнийгээ нэмэх том зорилготой.
Аймгийн зүгээс олон улсын цанын бааз барихад зориулан Борнуур суманд газар олгосон. Энэ төслийг дэмжин ажиллаж байгаа. Мөн спортын төрөлжсөн сургалттай сургууль баригдаж байна. Бүх сумдыг нийтийн биеийн тамирын талбайтай болгосон гээд энэ чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажил багагүй бий.
Бид болзолт уралдааны хүрээнд хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэх, мэдлэгийн хүрээг тэлэх чиглэлд түлхүү анхаарч, хүн рүүгээ чиглэсэн ажлууд хийхээр бодож, төлөвлөж байна” гэв.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар энэ үеэр аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудаар зочилж, олимпын танхимуудтай танилцлаа. 3400 гаруй сурагч, хичээлийн гурван байртайгаар үйл ажиллагаагаа явуулж буй “Хүмүүн” цогцолбор сургууль хичээлийн байр бүртээ жишиг олимпын танхим байгуулсан. Аяны хүрээнд олимпын танхимуудаа шинэчлэн сайжруулж, төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж буйгаа сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг танилцуулав.
Тэрбээр өмнөх болзолт уралдаанд хамт олноо амжилттай удирдан оролцож, 2018 оны Азийн наадам үзэх эрхээр шагнуулж байсан юм.
5-р сургуулийн тухайд болзолт уралдааны хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж буй талаар захирал Д.Хуягбаатар хэлэв. “Хүүхдүүд үзэж харахад хүртээмжтэй байх үүднээс олимпын танхимаа коридорт байгуулсан. Бид аяны хүрээнд өмнөх танхимаа шинэчлэн сайжруулж байна” хэмээн Д.Хуягбаатар захирал хэлэв.
Зүүндэлгэр багийн 4-р сургуулийн тухайд олимпын танхимаа засаж тохижуулах ажлыг хэдийн эхлүүлжээ. Одоохондоо бүрэн гүйцэд болоогүй ч ойрын үед хийж дуусгахаар төлөвлөж буйгаа сургалтын менежер н.Хунтогос хэлэв.
Аймгийн БТСГ-ын тухайд 2022 онд хийгдэх ажлынхаа бүх төлөвлөгөөг оны эхэнд гаргасан бөгөөд энэ жил спортын 100 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Зөвхөн гуравдугаар сард л гэхэд 23 тэмцээн зохион байгуулна гэдгийг аймгийн БТСГ-ын дарга Д.Алтанхуяг хэлсэн.
Өдгөө аймгийн хэмжээнд 13 төрлөөр өсвөрийн шигшээ баг хичээллэж байгаа бөгөөд биеийн тамирын гадна талбайн стандартыг нэвтрүүлж, сумдынхаа биеийн тамирын талбайг тохижуулахад анхаарч байгаа аж.
Төв аймгийн хэмжээнд болзолт уралдааны хүрээнд ихээхэн ажил ундарч байгаатай ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар өөрийн биеэр танилцаж, шаардлагатай заавар зөвлөгөө өгч, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд эхэлсэн болзолт уралдаан энэ оны тавдугаар сарын 15-нд дуусч, дүнгээ гаргах юм.