БАДМИНТОНЫ ДАСГАЛЖУУЛАГЧДЫН ҮНДЭСНИЙ СЕМИНАР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монголын бадминтоны холбооноос ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй дасгалжуулагчдын үндэсний семинарын нээлт өнөөдөр Олимпик хауст боллоо.
Нээлтийн ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, семинарт хамрагдаж буй дасгалжуулагч нар өндөр амжилт хүсэв.
Семинарт зургаан аймаг, дөрвөн дүүргийн 24 багш дасгалжуулагч хамрагдаж байна. Семинарыг Азийн бадминтоны холбооны хөгжил хариуцсан захирал, сургагч багш, Малайз улсын иргэн Самбентан Сиваперумал удирдан явуулж байна. Тэрбээр 1990 оноос хойш Азийн бүх оронд сургагч багшаар ажиллаж байсан арвин туршлагатай нэгэн юм.
Бадминтоны үндэсний семинар өмнө нь 2016 онд зохиогдож байжээ. Энэ удаагийн семинар найм хоног үргэлжлээд 25-нд өндөрлөнө.