0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МОНГОЛЫН БОКСЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Х.НЯМБААТАРЫГ СОНГОЛОО

 

Монголын боксын холбооны бага хурал есдүгээр сарын 5-нд Тусгаар тогтнолын ордонд боллоо. Уг хурлаар УИХ-ын гишүүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр 100 хувийн саналаар сонгов. Мөн дэд ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, В.Ганзориг, М.Баянмөнх нарыг сонгосон байна.

Өмнө нь УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглодог байсан. Харин 2020 оны долдугаар сард УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд ТББ-ын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй хэмээн өөрчлөлт оруулсан тул Х.Нямбаатар эл албан тушаалд томилогдсон байна.

Тэрбээр Монголын боксын холбооны 15 дахь ерөнхийлөгч болжээ. Х.Нямбаатар ерөнхийлөгчөөр сонгогдоод Монголын боксчдод зориулсан ордон барихаа амласан. Мөн ДАШТ-д оролцох тамирчдын бүх зардлыг даахаа мэдэгдсэн байна.

Энэ хурлаар холбооны Удирдах зөвлөл, Ахмадын зөвлөл, Дасгалжуулагчдын зөвлөл, Шүүгчдийн зөвлөл, Тамирчдын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Мөн Удирдах зөвлөлийн хурлаар холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар шигшээ багийн дасгалжуулагч асан Э.Сайнбилэгийг томилсон байна. Э.Сайнбилэгийн хувьд Лондоны олимпод шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байв. Харин шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийг БТСУХ-той зөвшилцсөний эцэст томилох юм.

Хурлын үеэр боксын спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг МҮОХ-ны дээд шагналаар шагналаа. Тухайлбал, МҮОХ-ны “Алтан очир” одонгоор гавьяат тамирчин Г.Батбилэг, “Олимпын алдар” одонгоор шүүгч Д.Ган-Эрдэнэ, ОУХМ Ж.Наранцогт, ОУХМ Ц.Цэрэнням нарыг шагнав.

Монголын боксчдын хувьд аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 6-нд Сербийн нийслэл Белград хотноо болох ДАШТ-д оролцохоор бэлтгэж буй. ДАШТ-д оролцох багийг энэ сарын 10-13-нд сорилт хийж сонгох юм.

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД