МҮОХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Олимпик хауст болов. Хурлаар Монголын тамирчдын оролцох наадмуудын багийн ахлагчдыг томилох, зарим хүнийг “Алтан од” одонгоор шагнах, Олимпын зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм батлах болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ирэх жил Индонезийн Балид болох Дэлхийн элсний наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанааг, Тайландын Бангкок, Чонбури хотуудад болох Азийн танхимын болон тулааны спортын наадмын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайханыг тус тус томилов.
Аймаг, дүүргийн Олимпын зөвлөлийн удирдах бүрэлдэхүүнд эмэгтэй гишүүд болон тамирчдын төлөөлөл заавал байх ёстой гэсэн заалтыг үлгэрчилсэн дүрмийн өөрчлөлтөд тусгахаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд санал нэгдэв.
Мөн спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах Бөртэ чоно” наадмын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, Зохион байгуулах хороог Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ахлан ажиллахаар боллоо.