БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ ҮЗЭСГЭЛЭНД ДЭЛГЭЛЭЭ
МҮОХ-ноос 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг зургаан сарын турш өрнүүлж, амжилттай өндөрлөсөн. Болзолт уралдааны хүрээнд хүүхдүүдийн урласан шилдэг бүтээлийн дээжийг өнөөдөр үзэсгэлэнд дэлгэн үзүүллээ.
Үзэсгэлэнгийн арга хэмжээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч, болзолт уралдааны Зохион байгуулах хорооны дарга Ч.Зоригтбаатар, Боловсролын ерөнхий газрын Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын дарга Р. Золзаяа нар оролцов.
Энэ үеэр Б.Баттүшиг Ерөнхийлөгч цаашид болзолт уралдааны цар хүрээг тэлж, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгааг дуулгав.
Энэ удаагийн болзолт уралдааны хүрээнд 400 гаруй сургууль спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж, эдгээрт 400 мянга орчим сурагч, багш ажилчид, эцэг эхчүүд хамрагдсан байна.
Болзолт уралдааны явцад сурагчдын хийсэн шилдэг бүтээлүүдийг гэрэл зургаар үзүүлье.