Ё.БАСХҮҮ АЛТ, Э.АРИУНБОЛД, Л.СОСОРБАРАМ НАР ХҮРЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
“Ханжоу 2022” Азийн олимпын жүдо бөхийн төрөлд өнөөдөр эмэгтэй 48, 52, эрэгтэй 60, 66 кг барилдаан үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү эхний даваанд Лаосын Оуанвилай Кесоныг иппоноор буулгасан ч дараагийн даваанд БНСУ-ын И Хе Ёнд ялагдсан. Улмаар дагах барилдаанд шилжсэн ч БНАСАУ-ын Жон Су Ёнд вазаригаар дийлдэж, тэмцээнээ өндөрлөжээ.
Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон Л.Сосорбарам Балбын Дебаки Майаг цэвэр ялж, Казахстаны Галя Тынбайеваг вазаригаар илүүрхсэн ч хагас шигшээд энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Диёра Келдиёровад вазаригаар хожигдсоноор хүрлийн төлөө Индонезийн Марьям Махаранитай барилдана.
Эрчүүдийн 60 кг-д Э.Ариунболд эхлээд Вьетнамын Чу Дак Датыг илт давуу ялаад шөвгийн наймд Тажикистаны Суфиев Мерзодыг нэмэлт цагт иппоноор ялсан ч хагас шигшээд Хятадын Тайпэйгийн Ян Юү Вэйг дийлсэнгүй. Манай тамирчин хүрлийн төлөө БНАСАУ-ын Чаэ Вон Жинтэй хүч сорих юм.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү Хонконгийн Мартин Лао, Тажикистаны Обид Жедов, Узбекистаны Сардор Нуриллаев нарыг төвөггүйхэн цэвэр ялсаар алтан медалийн төлөө Японы Риома Танакатай туналаа.