4Х400 МЕТРИЙН БУУХИАД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Зүүн Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн Налайх дүүрэгт үргэлжилж байна.
Өнөөдөр Монголын баг эрэгтэй бөөрөнцөг түлхэлт болон 4х400 метрийн холимог буухиа уралдаанаас медаль хүртлээ.
4х400 метрийн холимог буухиад БНХАУ-ын баг 3:32.63 минутын амжилтаар түрүүлж, Хятадын Хонконгийн баг 3:40.83 амжилтаар удаалсан бол Монголын баг 3:54:51 амжилтаар хүрэл медаль хүртсэн юм. БНСУ-ын баг алдаа гарган дөрөвт орсон байна.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтэд С.Цэрэнжамц хүрэл медаль хүртээд байгаа юм.
Өчигдөр манай тамирчдаас эмэгтэй 3000м-ийн гүйлтэд Д.Ганцэцэг мөнгө, эмэгтэйчүүдийн 1500 м-т Б.Сэлэнгэ хүрэл медаль авсан билээ.
Ингэснээр манай хөнгөнийхөн 1 мөнгө, 3 хүрэл медаль өөрийн болгоод байна.