“УЛААНБААТАР-2023” ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД 1500 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОНО
Нийслэл Улаанбаатар хотноо 2023 онд Зүүн Азийн залуучуудын наадам болно. 2017 онд Тайчун хотноо болсон Зүүн Азийн олимпын хороодын хурлаар манай улс наадам зохион байгуулах эрхийг албан ёсоор авсан билээ. Монголд өмнө нь аль нэг спортын төрлөөр олон улсын чанартай тэмцээн болж байсан ч спортын олон төрлөөр нэг дор өрсөлддөг томоохон наадмыг анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ юм.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараар ахлуулсан Зохион байгуулах хороо саяхан хуралдаж, наадмын бэлтгэл ажлын явц болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцсэн. Зүүн Азийн залуучуудын наадмын талаарх мэдээллийг багцлан хүргэе.
Хоёрдугаар наадам хэмээсний учир
Зүүн Азийн олимпын хороонд БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Макао, Тайвань, Гуам, Хонконг болон Монгол гэсэн есөн ҮОХ багтдаг. Эдгээр хороод 1991 онд хийсэн анхдугаар чуулганаараа Зүүн Азийн наадам зохион байгуулахаар шийдвэрлэж, анхных нь 1993 онд Шанхайд болсон билээ. Тус наадам 2013 он хүртэл дөрвөн жил тутам зохиогдсоны эцэст хэлбэрээ өөрчилж, Зүүн Азийн залуучуудын наадам болгосон юм.
Залуучуудын анхдугаар наадам Тайванийн Тайчун хотноо 2019 онд зохиогдох ёстой байсан ч улс төрийн шалтгааны улмаас цуцлагдсан. “Тайчун-2019” хэдийгээр цуцлагдсан ч анхдугаар наадам гэсэн нэршлээ авч үлдэхээр болсон юм. Ингэснээр “Улаанбаатар-2023” үнэн хэрэгтээ анхны боловч албан ёсны нэршлээр хоёрдугаар наадам болон зохиогдох гэж байна.
Спортын төвийн барилгын явц 55 хувьтай байна
Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг, Буянт-Ухаа-2 хорооллын орчимд баригдаж буй спортын төвд наадмын нээлтийн ажиллагаа болно. Энд цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор болон 50 метрийн урттай усан спортын бассейн баригдаж буй юм. Улсын төсөв болон хандиваар бүтээж буй тус төвийн барилгын ажил өдгөө 55 хувьтай үргэлжилж байна.
Спортын 12 төрлийн хоёрыг нь зохион байгуулах улс сонгоно
Зүүн Азийн залуучуудын наадам усан спорт, хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг (3х3, 5х5), хөлбөмбөг (футзал), жүдо, ширээний теннис, таеквондо, теннис, волейбол гэсэн үндсэн 10-аас гадна нэмэлт хоёр спортын төрлөөр явагдана. Нэмэлт хоёр төрлийг зохион байгуулагч улсаас санал болгох юм.
Спортын тэмцээн уралдаануудыг шинээр баригдах спортын төвөөс гадна “Буянт-Ухаа” спорт цогцолбор, Спортын төв ордон, Монголын хөлбөмбөгийн холбооны талбай, футзалын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, Степпе арена, УБ палас, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Налайх дахь хөнгөн атлетикийн талбай, МУИС-ийн спорт заал, Баянгол дүүргийн спортын ордон зэрэг газарт явуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.
1500 тамирчин+зочид төлөөлөгчид
Наадамд Зүүн Азийн олимпын хороонд харьяалалтай есөн ҮОХ-ны 1500 тамирчин өрсөлдөнө. Үүн дээр дагалдан ирэх зочид төлөөлөгч, албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхнийг нэмбэл хоёр мянга гаруй хүн хүрэлцэн ирэх юм.
Монголчууд Зүүн Азийн наадамд
Монголын баг тамирчид 1993 он буюу анхны Зүүн Азийн наадмаас эхлэн идэвхтэй оролцож ирсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн наадамд оролцохдоо 5 алт, 14 мөнгө, 82 хүрэл, нийт 101 медаль хүртэж байв. Харин энэ удаа манай залуу тамирчид нутгийн дэвжээн дээрээ хэрхэн өрсөлдөхийг харахад хоёр жил хүрэхгүй хугацаа үлдлээ.