СКВОШ ТЕННИСЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын сквош теннисний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтанхуягийг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар сквошийн төрөл "Лос-Анжелес 2028" Олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсаныг онцолж цаашид баг тамирчдаа түлхүү дэмжин ажиллах тухай ярилцав.
Манай сквош теннисчид ирэх сард Иран улсад, 2024 оны 1 дүгээр сард Португал улсын Порто хотноо олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа аж.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг сквошийн төрөл анх удаагаа Олимпын хөтөлбөр орсонд баяр хүргэж, тэмцээнд оролцох баг тамирчдад амжилт хүсэн спортын хувцас хэрэглэл гардууллаа.
Дашрамд дурдахад энэ сарын 14-17-ны өдрүүдэд болсон ОУОХ-ны 141-р Чуулганаар "Лос-Анжелес 2028" Олимпын наадмын хөтөлбөрт нэмэлтээр флаг-футбол, крикет, лакросс, сквош болон бейсбол/софтбол нийт таван спортын төрлийг албан ёсоор баталсан билээ.