0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ Слайдер

“ПАРИС-2024”: НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН НАЙРУУЛАГЧ ТОДОРЛОО

“Парис-2024” олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар “Dramatique National d'Angers” театрын захирал, найруулагч Томас Жолли томилогдсон байна. Түүний бүтээлч, зоримог зан чанарыг харгалзан энэхүү хариуцлагатай албанд томилсон болохыг зохион байгуулагчид онцолжээ.

Францчууд нутагт нь зохиогдох олимпын нээлтийг цэнгэлдэхэд хийх уламжлалт арга барилаас татгалзаж, Сена мөрний эрэг дээр, 600 мянган үзэгчийн өмнө зохион байгуулахаар шийдсэн. Орон орны тамирчид цагаан толгойн дарааллаар завьтай жагсан орж ирнэ гээд урьд өмнөхөөс тэс өөр, өвөрмөц нээлтийн ёслолыг хийхээр зохион байгуулагчид төлөвлөөд буй.

“Нээлт, хаалтын ёслолын ерөнхий төлөвлөгөөг анх сонсоод маш их сэтгэл хөдөлж байлаа. Харин одоо би өөрөө энэ агуу арга хэмжээг найруулахаар боллоо. Парисын олимп нээлт гайхамшигтай сайхан болно гэсэн хүлээлт хүн бүрт бий. Бид дахин давтагдашгүй, ер бусын нээлт, хаалтын ёслолыг дэлхий дахинд толилуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн Жолли ярьжээ.

Өдгөө 40 настай Жолли 2007 онд хувийн театр болох “La Piccola Familia”-г үүсгэн байгуулсан. Түүний анхны жүжиг “Arlequin Poli par l'Amour de Marivaux” олны анхаарлыг маш их татаж, шинэ залуу авьяастанд олгодог тусгай шагналын эзэн болж байв.

Улмаар Шекспирийн сонгодог жүжгүүдийг амжилттай найруулсан нь түүний олимпын найруулагчаар сонгогдох үндэс болсныг “Парис-2024” олимпын Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге хэлсэн байна.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД