0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ДАШТ-ИЙГ ХААЛТТАЙ СИСТЕМИЙН ХҮРЭЭНД ЯВУУЛНА

Ширээний теннисний ДАШТ есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 9-ний өдрүүдэд БНХАУ-ын Чэндү хотноо болно. Өмнөд хөрш ковидыг тэглэх хатуу бодлогын хүрээнд спортын томоохон арга хэмжээнүүдийг цуцлах юм уу хойшлуулсаар байгаа ч ширээний теннисний ДАШТ-ийг тасалдуулалгүй зохион байгуулахаар шийджээ. Гэхдээ Бээжингийн өвлийн олимпын адил хаалттай менежментийн системийн хүрээнд тэмцээнийг зохион байгуулах юм байна.

ДАШТ-д мянга гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд тэд бүгд тусгай нислэгээр Чэндүд газардана. Улмаар тэмцээний турш тоглолтын ордон, зочид буудал гэсэн маршрутын дагуу л зорчих юм. Мөн зочид буудлынхаа гаднах цэцэрлэгт хүрээлэнд салхилж болох гэнэ.

Өдгөө БНХАУ-ын 103 хотод ковидын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 2020 оноос хойших хамгийн өндөр дүн болоод байна. Мягмар гарагт тус улсад 1499 шинэ тохиолдол бүртгэгджээ.

БНХАУ ковидыг тэглэх чанга хатуу бодлого хэрэгжүүлж буй. Үүний улмаас тус улсад зохиогдох спортын олон тэмцээн цуцлагдах юм уу хойшлоод байна. Тухайлбал, ирэх жил Нанжинд болох хөнгөн атлетикийн танхимын ДАШТ 2025 он хүртэл хойшилсон. Мөн Хонконг, Макаод болох бадминтоны дэлхийн цуврал тэмцээнүүд гурав дахь жилдээ дараалан цуцлагдаад байна. Түүнчлэн Ханжоуд зохиогдох ёстой байсан Азийн наадам 2023 он хүртэл хойшлоод байгаа билээ.

Харин ширээний теннисний ДАШТ нь өвлийн олимпоос хойш тус улсад зохиогдох спортын анхны том тэмцээн байх болно.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД