0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ Слайдер

ОЛИМПООС ТӨРСӨН БААТРУУД: ЮРАЙ СЛАФКОВСКИ

 

 

 

 

ОЛИМПООС ТӨРСӨН БААТРУУД: ЮРАЙ СЛАФКОВСКИ

Ямар ч багт ялалт ялагдал, уналт босолт ээлжлэн байдаг нь жам. Гэхдээ хоккейн хүчирхэг гүрнүүдийн нэг Словакийн хувьд хямрал, уналт нь дэндүү удаан үргэлжилжээ. Словакийн шигшээгийн оргил үе XXI зууны эхэн үед тохиосон бөгөөд тэд 2002 оны ДАШТ-д түрүүлж, удаах хоёр жил нь дараалан их шөвөгт шалгарч байв.

П.Бондра, М.Шатаны тэрхүү алтан үеэс хойш словакчууд 2012 оны ДАШТ-д л аман хүзүүдсэн бөгөөд зургаан ДАШТ дараалан хэсгээсээ ч шалгарч чадсангүй.

Чехословак улс задран унаснаас хойш Чехүүд хоккейн уламжлалаа хадгалж, залгамж халаагаа сайн бэлдэж чадсан бол Словакийн хувьд энэ тал дээр хоцрогдолтой байлаа.

Гэхдээ хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. Сүүлийн үед словакчууд авьяаслаг залуу хоккейчид төрүүлэн гаргаж буйн нэг жишээ нь “Бээжин-2022” өвлийн олимп болов. 2021 оны хавар болсон ДАШТ-д словакчууд тун залуухан баг оролцуулсан бөгөөд дундаж нас нь 24.5 байв. Энэ шигшээ ДАШТ-д хэсгээсээ шалгаран шөвгийн наймд үлдсэн.

Тэрхүү багаас 17 настай хоёр тамирчин болох хамгаалагч Шимон Немек, довтлогч Юрай Слафковски нарыг мэргэжилтнүүд онцолж, 2022 оны NHL-ийн драфтад дээгүүр сонгогдох магадлалтай хэмээн бичиж байв.

Тэгвэл Юрай хүү мэргэжилтнүүдийн хүлээлтээс давсан тоглолтыг Бээжингийн олимпод үзүүлж, ирээдүйд тодоор гялалзах од гэдгээ харуулсаар байна.

Олимпын нээлтийн тоглолтод словакчууд Финландтай тулахад тэрбээр хоёр шайб оруулж тодров. Гэвч эцсийн дүндээ баг нь 6:2-оор бут ниргүүлсэн юм. Удаах тоглолтод залуу довтлогч хүчирхэг Шведийн хаалгыг мөн л гоолоор мялаалаа. Харамсалтай нь үр дүн өмнөхтэй ижил буюу баг нь 4:1-ээр ялагдав. Харин хэсгийн сүүлийн тулаанд тэрбээр Латвийн хаалганд дахин нэг шайб хийж, баг нь 5:2-оор ялалт байгууллаа. Ийнхүү залуу довтлогч эхний гурван тоглолтод дөрвөн шайб оруулсан амжилтаар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхлэв.

Словакчууд дараа нь Германыг 4:0-ээр хөнгөхөн хожиж, шөвгийн наймд шалгарахад Юрай гоол оруулж чадаагүй. Харин дунд шөвөгт түүний баг хүчирхэг Америкийг буллитээр хожин шуугиан тарьсан бөгөөд Юрай тэрхүү тоглолтын эхний шайбыг оруулжээ. Ингэснээр тэрбээр таван тоглолтод таван гоолтой болж, мэргэн буучдын гуравдугаар эгнээнд бичигдэж эхэллээ. Словакийн шигшээ 2010 оны Ванкуверийн олимпод шөвгийн дөрөвт шалгарсан оргил амжилтаа өнөө жил давтаад байна. Одоо тэд үлдсэн хоёр тоглолтоос ганц ялалт байгуулж, медаль хүртвэл улсынхаа хоккейн түүхэнд шинэ хуудас бичих болно.

Олимп эхлэхээс өмнө хоккейн мэргэжилтнүүд түүнийг NHL-ийн драфтын 7, 8-р байраар сонгогдох боломжтой гэж таамаглаж байв. Харин Бээжинд гялалзтал тоглосных нь дараа түүнийг эхний тав дотор сонгогдох боломжтой хэмээн үнэлэх болжээ.

Юрай Слафковски дөнгөж 17-той (ирэх гуравдугаар сард 18 хүрнэ) гэхэд тун бадриун бие бялдартай. Нурууны өндөр 193 см, жин 102 кг. Ёстой л төвийн довтогчид байх бие бялдар түүнд заяажээ. Ийм нэгэн авьяаслаг залуу хоккейч Бээжингийн олимпод гялалзсаар явна. Залуу хүүгийн аялал хаа хүрээд зогсохыг сонирхон харуулдъя.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД