ЦАГААН ОЛИМПЫН ТҮҮХЭЭС - "ГРЕНОБЛЬ-1968"
“Бээжин-2022” өвлийн олимп эхлэх мөч ойртсонтой холбогдуулан цагаан олимпын түүхийг цувралаар хүргэж байна.
*** *** ***
1968 оны өвлийн олимпыг зохион байгуулах хүсэлтээ Америкийн Лейк-Плэсид, Канадын Калгари, Финландын Лахти, Францын Гренобль, Японы Саппоро, Норвегийн Осло гэсэн зургаан хот ирүүлжээ. Санал асуулга ч өрсөлдөөнтэй өрнөж, хоёрдугаар шатанд үлдсэн гурван хотоос Калгари 19, Гренобль 18, Лахти 14 санал авав. Харин сүүлийн шатанд Лахтигийн саналын ихэнх нь Гренобль руу шилжсэнээр Францын хот 27:24-өөр ялалт байгуулсан юм.
Үнэндээ тэдний ялалтад Францын Ерөнхийлөгч Шарль де Голлийн нөлөө их байлаа. Дэлхийн хоёрдугаар дайнд гавьяа байгуулж, генерал цол хүртсэн энэ эрхэм улсдаа цагаан олимпыг хүлээн авахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан юм. Тэрбээр олимпын наадмаар дамжуулж өөрийн улсын сүр хүчийг дэлхий дахинд харуулах, нөгөөтэйгүүр өдрөөс өдөрт нэмэгдэж буй олон нийтийн уур бухимдлыг намжаахыг зорьжээ. Ийнхүү “Альпийн нурууны нийслэл” хэмээгддэг үзэсгэлэнт Гренобль хот өвлийн X олимпыг хүлээн авчээ.
Наадамд 37 орны 1158 тамирчин зургаан спортын 35 төрөлд 13 өдрийн турш өрсөлдөв. Марокко улс анх удаа цагаан олимпын их гэр бүлд багтсан бол Зүүн, Баруун Германы тамирчид анх удаа тус тусдаа оролцжээ.
Францчууд зөвхөн олимпын бэлтгэл ажилд сая гаруй франк зарцуулсан ч алдаатай, дутуу дулимаг зүйл их байлаа. Тухайлбал, бобслейн зам зүүн өмнөд зүгт 65 км-ийн зайтай байсан бол цанын цэнгэлдэх баруун зүгт 36 км-ийн зайтай оршиж байлаа. Энэ нь тамирчид болон үзэгчдэд ихээхэн хүндрэл учруулж байв. Мөн уран гулгалтын тэмцээн өглөөний 6.30-д эхлэх жишээтэй. Бобслейн замын мөс өдрийн наранд хайлаад байсан тул тэмцээнүүд нь дандаа өглөө эрт эхэлж, нар чанх дээр мандахаас өмнө дуусч байжээ.
Олимпын дуулиан шуугианд ОУОХ ч хувь нэмрээ оруулав. Цанын тамирчид олимпын уралдаан, тэмцээний үеэр хувцас үйлдвэрлэгч ивээн тэтгэгчдээ сурталчилж байсанд ОУОХ-ны ерөнхийлөгч Эвери Брендеж хориг тавив. Харин тамирчид үүнийг нь бөөнөөрөө эсэргүүцлээ. Эцэст нь зөвхөн албан ёсны гэрэл зураг авах ёслол, ярилцлагын үеэр л ивээн тэтгэгчдийг сурталчлахгүй байхаар талууд харилцан тохиролцжээ.
ОУОХ-ноос өөр нэг шинэ журам нэвтрүүлсэн нь тамирчдаас сэргээшнээс гадна хүйсийн шинжилгээ авч эхэлсэн явдал. 1967 оны төгсгөлөөр Австрийн уулын цаначин бүсгүй Эрика Шинеггерээс шинжилгээ авахад эр хромосом давамгайлсан хүн болох нь тогтоогджээ. Энэ мэт байдлаас сэргийлэхийн тулд нийт 86 тамирчнаас хүйс тогтоох шинжилгээ авсан юм. Харин олимп эхлэх үед өнөөх Шинеггер хэдийнэ хүйсээ солиулах мэс засал хийлгэж, эхнэр, хүүхэдтэй болоод амжсан байв. Тэрбээр 30 жилийн дараа бусдыг хууран мэхэлж авсан ДАШТ-ий алтан медалиа эргүүлэн өгсөн юм.
Греноблийн олимп шүүмжлэх зүйл ихтэй ч бас ололттой тал цөөнгүй байсныг дурдах хэрэгтэй. Тухайлбал, цагаан олимпын тэмцээн, уралдааныг АВС телевиз анх удаа өнгөтөөр үзэгч олондоо хүргэв. Мөн францчууд анх удаа албан ёсны бус талисман буюу бэлгэдэл сахиусыг санаачилсан юм. Үүнээс хойших олимпууд бүгд ийм бэлгэдэл сахиустай болсон билээ.
Греноблийн олимпын гол баатар нь уулын цаначин Жан-Клод Килли байв. Нутгийнхаа зам дээр уралдсан тэрбээр эрэгтэйчүүдийн гурван төрөлд бүгдэд нь түрүүлж, 1956 онд Австрийн Т.Зайлерийн тогтоосон амжилтыг давтжээ. Түүний гол өрсөлдөгч Австрийн Карл Шранц хоёр дахь оролдлогоо хийх үед зам дээр гэнэт хар хувцастай хүн гарч ирэн саад учруулжээ. Шүүгчид түүнд дахин нэг боломж олгоход хамгийн шилдэг цагийг үзүүлэн түрүүлэх нь тэр. Францын тал дэр дор нь эсэргүүцэл бичлээ. Шүүгчид нэлээн удаан хэлэлцсэний эцэст австри эр сүүлийн оролдлогоо хийхдээ нэг туг алгассан гэж үзээд амжилтыг нь хүчингүй болгож орхив. Ингээд Килли нутгийн дэвжээн дээрээ гурав дахь алтаа зүүжээ. Олимпын дараа тэрбээр алдартай бизнесмэн болсон юм.
Францын тамирчид нутгийн дэвжээн дээрээ найман медаль авснаас уулын цанаар долоог нь цуглуулжээ. Цагаан олимпод орсноосоо хойш багийн дүнгээр тогтмол тэргүүлж ирсэн ЗХУ энэ удаа амжилтаа үргэлжлүүлж чадсангүй. Тэд гол амжилт гаргадаг цана, гүйлтийн тэшүүрийн тэмцээний боломжит 15 алтаас ердөө ганцыг л авсан юм.
Олимпын дөрвөн удаагийн аварга Е.Гришин, зургаан алтан медальт Л.Скобликова гэсэн домог болсон тамирчид ганц ч медаль багтаа нэмэрлэж чадаагүй байна. Дасгалжуулагчид олимпын бэлтгэлээ өндөрлөг газар базаасан нь алдаа болсон хэмээн үзэх хүн бий. Түүнчлэн дэлхийн аваргын дөрвөн алтан медальт тэшүүрийн тамирчин, Зөвлөлтийн гол найдваруудын нэг Инга Григорьевна Артамонова 1966 онд 29 настайдаа нөхрийнхөө гарт амиа алдсан нь тэдний тааруу амжилтын бас нэгэн шалтгаан болжээ.
Гэхдээ огт тооцоонд ороогүй Владимир Белоусов трамплинаас харайлтад алтан медаль авсан нь хойд хөршийнхнийг баярлуулав. Тэрбээр өмнөх жил нь ЗХУ-ын АШТ-д дөнгөж 16-р байр эзэлсэн байдаг. Харин олимпод 100 метрийг давсан анхны тамирчин болж, алтан медаль зүүжээ. Энэ алдарт тамирчин олимпын дараа 23-хан настайдаа зодог тайлсан юм.
Цанын 30 км-ийн уралдааны үеэр цаг агаар дулаахан, цас хайлж байсан тул олон шилдэг тамирчин санаснаас тааруу уралдав. Энэ дундуур Италийн Франко Нонес түрүүлж, томхон сенсаац дэгдээлээ. Өмнө нь эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Скандинавын хойгийн гурван улс болох Норвеги, Швед, Финландын тамирчид л өнгөлдөг байв.
Хоккейн тэмцээн уламжлал ёсоор олимпын хамгийн оргил мөч байлаа. Дөрвөн жилийн өмнө аварга цолоо Америкт алдсан ЗХУ-ын баг энэ удаа алтан медалиа эргүүлэн авав. Гэхдээ тэд Шведийн тусламжтайгаар энэ алдарт хүрсэн. Тэд сүүлээсээ өмнөх тойрогт Чехословакт ялагдсанаар түрүүлэх нь хэцүү болоод ирсэн. Гэтэл сүүлийн тойрогт медалийн найдвараа нэгэнт алдаад байсан шведүүд Чехтэй 2:2-оор тэнцэн хорлож орхив. Ингэснээр ЗХУ Чехээс нэг оноогоор илүү гаран алтан медалийн эзэн болжээ.
Монголчууд энэ олимпод биатлон, цана, гүйлтийн тэшүүрийн төрөлд долоон эрэгтэй тамирчинтай оролцлоо. Биатлоны 20 км-т Б.Дашгай 52, Б.Дамдинжав 38-р байр эзлэв. Цанын 15 км-т Г.Батмөнх 52, Л.Дашдэмбэрэл 54, 30 км-т Г.Батмөнх 56, Л.Дашдэмбэрэл 54-р байрт орсон байна. Түүнчлэн Л.Дашням тэшүүрийн 500 метрт 38, 1500 метрт 49-р байр эзэллээ. Энэ зайд Б.Жалбаа 52-р байрт орсон юм. Харин 5000 метрт Л.Цэнд 36-р байр эзэлсэн амжилтаар олимпыг өндөрлүүлж байв.
МЕДАЛЬ АВСАН ОРНУУД
Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1.Норвеги 6 6 2 14
2.ЗХУ 5 5 3 13
3.Франц 4 3 2 9
4.Итали 4 - - 4
5.Австри 3 4 4 11
6.Нидерланд 3 3 3 9
7.Швед 3 2 3 8
8.ХБНГУ 2 2 3 7
9.АНУ 1 5 1 7
10-11.Финланд 1 2 2 5
10-11.БНАГАУ 1 2 2 5
12.Чехословак 1 2 1 4
13.Канад 1 1 1 3
14.Швейцар - 2 4 6
15.Румын - - 1 1
Нийт 35 39 32 106