0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ГАВЬЯАТ ТАМИРЧИН Б.СЭР-ОД 10,000М-ИЙН УРАЛДААНД 10-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Монгол улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од Азийн наадмын 10,000м-ийн гүйлтийн зайд хурд сорилоо. Манай тамирчны хувьд сүүлийн 2 Азийн наадам дараалан марафон гүйлтийн төрөлд “Шилдэг 5”-д хурдалсан ба Инчёнд 4, Жакартад 5-р байр тус тус эзэлсэн.

Харин энэ удаагийн Азийн наадамд 5,000м болон 10,000м-ийн зайд өрсөлдөхөөр мэдүүлэгт багтсан. Энэ удаад 10,000м-ийн зайг 30 минут 57.71 секундэд туулснаар 10-р байр эзэллээ. 10,000м-ийн гүйлтэнд Бахрейны тамирчин Эфиоп гаралтай Бирхану Балью түрүүллээ. Тэрээр 5 жилийн өмнө Жакартад 5,000м-ийн зайд Азийн наадмын аварга болж байжээ.

2023 оны хувьд Б.Сэр-Од гавьяатын хувьд бас нэгэн онцгой жил болон үргэлжилж байгаа. Унгарын нийслэл Будапешт хотноо явагдсан хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцсоноор тэсвэр тэвчээр шавхсан 42 км 195м зайн марафон уралдаанд 11 удаа дараалан дэлхийн дэвжээнээ өрсөлдсөн түүхэн амжилтаа ахиулсан.

Өмнө нь 10 удаа ДАШТ-д марафон гүйлтээр оролцсон түүний амжилт Гиннесийн номд тэмдэглэгдээд байсан юм. Тэгвэл “Ханжоу-2022” Азийн наадмын албан ёсны цахим хуудас Б.Сэр-Одын намтараас 2024 оны Парисын Олимпод “зодоглоод” их спортоо орхиж дасгалжуулагчийн албанд шилжих зорилготой байгаа гэсэн ярилцлагыг онцолсон юм. Ирэх жилийн наадам манай гавьяат тамирчны хувьд 6 дахь Олимпын наадам нь болох ба ингэснээр дэлхийн спортын түүхэнд марафон гүйлтээр хамгийн олон удаа Олимпод оролцсон гүйгч болж бас нэгэн шинэ түүх бүтээх билээ.

Б.Сэр-Одын хурд сорих 2 дахь зай, 5,000м-ийн уралдаан 10-р сарын 4-ний өдөр явагдах хуваарьтай байна.

Эрэгтэйчүүдийн 1,500 метрийн уралдаанд О.Болдоо, Н.Мөнхбаяр нар хурд сорьсон. О.Болдоо нэгдүгээр хэсэгт 3:55.38 минутад замаа дуусгаснаар хувийн дээд амжилтаа шинэчилсэн ч финалд шалгарахад сэм дутав. Тэрбээр хэсэгтээ 11 тамирчнаас 7-д бичигдсэн юм.

Харин Н.Мөнхбаяр 3:58.85 амжилтаар барианд орж, хэсэгтээ мөн л 7-д жагслаа.

Энэ зайд нийт 21 тамирчин хурд сориход О.Болдоо нийлбэр үзүүлэлтээр 7-д, Н.Мөнхбаяр 16-д бичигдлээ.

Мэдээг: Ч.Баатарзориг

Гэрэл зургийг Д.Амаржаргал, Б.Бямба-Очир

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД