ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ТӨРИЙН ДАЛБАА ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам зохиогдоно.
Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо.
Ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны дэд дарга, нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, “Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр, БТСУХ-ны дарга О.Баттулга, хэлтсийн дарга Б.Нямсүрэн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа болон наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчдын төлөөлөл оролцов.
Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчдад амжилт хүсэж, Монгол Улсын төрийн далбааг Зүүн Азийн залуучуудын наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон Монголын багийн тугчдад гардуулан өгөв.
Монголын багийн тугчаар өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт волейболын тамирчин Ц.Ананд, өсвөрийн УАШТ-ий таван удаагийн аварга, Хүүхдийн спортын наадмын аварга сагсан бөмбөгийн тамирчин Н.Анужин нар сонгогдсон юм.
Монголын багийн хоёр тугч болон бадминтоны дасгалжуулагч Т.Ууганбаяр нар энэ үеэр тамирчид, дасгалжуулагчдыг төлөөлөн тангараг өргөлөө.
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд бүс нутгийн улс орнуудын 1500 гаруй залуу тамирчин 11 спортын төрөлд өрсөлдөх бөгөөд манай улс 181 тамирчин, 42 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ базааж байна.
МҮОХ-ноос спортын хувцас хэрэглэлийн 361 брэндтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсны хүрээнд наадамд оролцох баг, тамирчдаа иж бүрэн хувцас, өмсгөлөөр хангаад байгаа юм.