0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Чөлөөт бөх, жүдо, хөлбөмбөгийн баг тамирчид хилийн чинадыг зорив

Монгол Улсын чөлөөт, жүдо, хөлбөмбөгийн баг тамирчид олон улсын томоохон тэмцээн, уралдаанд оролцохоор өнөөдөр (2021.06.03) хилийн чинадыг зорилоо.

Чөлөөт бөхийн тамирчид Польш руу

Дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн олон улсын "А" зэрэглэлийн "Poland Open" тэмцээн зургадугаар сарын 8-наас 14-ний өдрүүдэд Польшийн нийслэл Варшавт явагдана. Монгол Улсаас гурван эмэгтэй тамирчин дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор тус тэмцээнд хүч үзэхээр өнөөдөр эх орноосоо мордов. Олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар 68 кг-ын жинд, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяа 53 кг-ын жинд тус тус хүч үзнэ.

Токио-2020 олимпийн наадмын өмнөх сүүлийн сорилт тус тэмцээний жин бүрийн аваргууд 10 мянган швейцарь франк, мөнгөн медальтнууд 7000, хүрэл медальт бөх 3000 швейцарь франкийн шагнал тус тус хүртэх юм.

Хөлбөмбөгийн шигшээ баг Япон руу

Монголын Үндэсний шигшээ баг "Катар – 2022" ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо Киргиз улсын эсрэг зургадугаар сарын 7-ны өдөр хийнэ. Япон улсад явагдах тус тоглолтын өмнө үндэсний шигшээ баг Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төвд байрласан бэлтгэлд гарчээ.

Жүдогийн тамирчид Унгар улс руу

2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотын "Ласло Паппа"-гийн нэрэмжит ордонд зохион байгуулагдана.

Будапештын дэлхийн аваргад ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, МУГТ М.Бундмаа гэсэн бүрэлдэхүүнтэй явсан бол Терапист багшаар Японы улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгчээр олон улсын жүдо бөхийн холбооны, олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нар оролцоно.

Энэ удаагийн дэлхийн аваргын бүрэлдэхүүн:

Эрэгтэй тамирчид:

  1.  
    1. ОУХМ Л.Өнөболд – 60 кг
    2. ОУХМ Г.Хэрлэн – 66 кг
    3. ОУХМ Ё.Басхүү – 66 кг
    4. ОУХМ Ц.Цогтбаатар – 73 кг
    5. Саейд Моллаей – 81 кг
    6. ОУХМ Г.Алтанбагана – 90 кг
    7. МУГТ Л.Отгонбаатар – 100 кг
    8. ОУХМ Б.Гончигсүрэн – 100 кг
    9. МУГТ Ө.Дүүрэнбаяр + 100 кг

Эмэгтэй тамирчид:

  1.  
    1. МУГТ М.Уранцэцэг – 48 кг
    2. ОУХМ Г.Наранцэцэг – 48кг
    3. ОУХМ Л.Сосорбарам – 52 кг
    4. ОУХМ Б.Хорлоодой – 52 кг
    5. МУГТ Д.Сумъяа – 57 кг
    6. ОУХМ Б.Ганхайч – 63 кг
    7. ОУХМ Ц.Энхчимэг – 70 кг
    8. МУГТ, МУГД Б.Эрдэнэт-Од – 78 кг
    9. ОУХМ А.Адьяасүрэн + 78 кг гэсэн тамирчид оролцоно. 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД