0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ-НЫ ЧУУЛГАН ХОЙШЛОГДЛОО

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, ирэх 30-ны өдөр товлогдоод байсан МҮОХ-ны VIII чуулганыг хойшлуулах асуудлаар, үүсээд буй нөхцөл байдлын тухай хэлэлцэн шийдвэрийг гаргалаа.

МҮОХ-ны VIII чуулганыг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулах товыг өнгөрсөн наймдугаар сарын 26-нд болсон МҮОХ-ны гишүүдийн хурлаар тогтож, хараат бус сонгуулийн комиссыг байгуулсан билээ.

Хараат бус сонгуулийн комисс нь дүрмийн дагуу гишүүн байгууллагуудад мэдээлэл хүргүүлж, чуулганы төлөөлөгчид болон нэр дэвшигчдийн анкет, материалыг хүлээн авах зэрэг бэлтгэл ажлыг шат дараатай гүйцэтгэн ажиллаж байв.

Гэвч комиссын нэгэн гишүүн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг ирүүлсэн байна.

Мөн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн нэр бүхий гишүүнээс хараат бус сонгуулийн комисст хандсан гомдлыг ирүүлсэн байна. Уг гомдолд “Хараат бус сонгуулийн комиссын гишүүд бусдын нөлөөнд авталгүй, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй байна, сонгуулийн үйл ажиллагааг шударга явуулна гэдэгт эргэлзэж байгаа” тухай дурджээ.

Уг асуудлуудын хүрээнд хараат бус сонгуулийн комисс хуралдаж, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тухай тайлбараа МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд ирүүлэв.

Дээрх шалтгааны улмаас МҮОХ-ны чуулганыг тодорхой хугацаагаар хойшлуулах нөхцөл байдал үүсээд буй бөгөөд МҮОХ-ны дүрмийн дагуу хараат бус сонгуулийн комиссыг Гишүүдийн хурлаас томилох ёстой. Харин Гишүүдийн хурлыг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө зарлах дүрмийн заалттай /Дүрмийн 16.2/.

Иймд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Гишүүдийн ээлжит бус хурлыг 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд зохион байгуулахаар тогтлоо /Дүрмийн 16.6/. Тус хурлаар чуулганы шинэ товыг зарлаж, хараат бус сонгуулийн комиссыг шинээр байгуулах болно /Дүрмийн 16.1, 14.4.1/.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД