НОГООН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН КОМИСС ХУРАЛДЛАА
Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд олимпын VIII чуулган болж, МҮОХ-ны удирдлага, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгосон. МҮОХ-ны удирдлагын баг ирэх олимпын мөчлөгт салбар комиссуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, олимпын хөдөлгөөний чиглэл тус бүрийг хөгжүүлэхэд анхаарч буй.
Үүний хүрээнд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар 12 салбар комиссыг баталсан билээ. Салбар комиссуудыг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд ахлан ажиллаж байна.
Тавдугаар сарын 17-нд Ногоон хөгжлийн асуудал хариуцсан комисс анхны хурлаа цахим болон танхим хосолсон хэлбэрээр хийж, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Ногоон хөгжил нь олимпын хөдөлгөөнд хамгийн чухлаар тавигдаж байгаа асуудлын нэг. Ойрын жилүүдэд олимпын хөдөлгөөн байгальд ээлтэй, хүрээлэн буй орчноо хүндэлж хайрлах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх болсон.
МҮОХ-ны Ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн комисс нь спорт, олимпизмоор дамжуулан нийгэмд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлж, ногоон хөгжлийг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх бодит ажлуудыг өрнүүлэх юм.
Комиссын зүгээс ойрын хугацаанд ногоон хөгжлийг сурталчилсан уриалга, зөвлөмжүүдийг бэлтгэн спортын холбоод, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг өрнүүлэх болно. Мөн МҮОХ-ны байрны гаднах ногоон байгууламжийг шинэчлэн тохижуулах ажлыг хийхээр төлөвлөж байна.
Тус комиссыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй ахалж байгаа бөгөөд МҮОХ-ны гишүүн 13, гишүүн байгууллагын төлөөлөл нэг, штабын ажилтан нэг, төрийн байгууллагын төлөөлөл дөрөв, нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.