Х.ЭНХ-АМАР, Э.ЦЭНДБААТАР, Б.ЧИНЗОРИГ НАР АВАРГЫН ТӨЛӨӨ ШАЛГАРЛАА
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 2021 оны сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Урд шөнө тэмцээний хагас шигшээ тулаанууд явагдаж, 56 кг-д Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Хархүүгийн Энх-Амар, 60 кг-д “Ажнай” корпорацийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар, 64 кг-д “Алдар” спорт хороо, “Капитрон” банкны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг нар аваргын төлөө шалгаран үлдлээ. Эхлээд 49 кг-ын жинд ОУХМ Орхонтунгалагын Өнөболд рингенд гарч Узбекистаны Нодиржон Мирзахмедовтой тулалдаж, ялагдал хүлээснээр хүрэл медаль хүртэхээр боллоо. Харин 56 оюутны Универсиад наадмын аварга Хархүүгийн Энх-Амар Кыргызстаны Акилбек Есенбектэй тулалдаж, 5:0-ээр ялалт байгуулж, аваргын төлөө дэлхийн аварга Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарлаа. Мөн энэ өдөр “Жакарта-2018” Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар Буэнос-Айрос-2018 залуучуудын олимпийн аварга Узбкистаны Абдумалик Халоковыг 3:2-оор ялж, финалд шалгарлаа. Тэрбээр аваргын төлөө Токио-2020 олимпийн эрх аваад байгаа Ираны Данияал Шахбахштай учраа таарсан. Түүнчлэн урд шөнө манай тамирчдаас 64 кг-д Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг ДАШТ-ий хүрэл медальт Узбекистаны Эльнур Абдураймовыг шүүгчдийн санал нэгтэйгээр ялсан бөгөөд аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын иж бүрэн медальтай Энэтхэгийн Шива Тапатай тулалдана. Харин 69 кг-д ОУХМ Баттөмөрийн Мишээлт залуучуудын олимп, дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Казахстаны Аблайхан Жуссуповт ялагдснаар хүрэл медаль хүртэхээр болжээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн аваргын төлөөх тулаанууд өнөөдөр явагдаж бол эрэгтэйчүүд маргааш аваргаа тодруулна.