0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ИРЭЭДҮЙН СПОРТЫН ШИЛДЭГ МЕНЕЖЕРҮҮД МҮОХ-НД ЗОЧЛОВ

Монголын жюү-жицүгийн холбоо МУБИС-ийн Биеийн тамирын сургуультай хамтран спортын шилдэг боловсон хүчин бэлтгэл Jiu jitsu universal management хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Аймаг бүрээс нэг, нийт 22 хүүхэд тус хөтөлбөрт хамрагдсан бөгөөд дөрвөн жилийн турш үндсэн хичээлээ үзэхээс гадна ирээдүйн шилдэг боловсон хүчин, менежер болоход шаардлагатай ур чадварыг эзэмших 15 дэд хөтөлбөрт хамрагдах юм. Тухайлбал, дөрвөн жилийн турш англи хэл сурах, жолооны курст сурах, компьютер, сошиал орчинд ажиллах чадвар олж авах, бичиг хэрэг хөтлөлт, төсөл бичих, илтгэх чадварт суралцах, оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах гээд олон зүйл багтжээ.

Хөтөлбөрт хамрагдсан сурагчид ес, аравдугаар сарыг Монголын спортын байгууллагуудтай танилцах аян хийж буй. Үүний хүрээнд МҮОХ-нд зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Монголын жюү-жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ “Спортын салбарт дутагдаад байгаа шилдэг менежер, жюү-жицүгийн боловсон хүчин бэлтгэх нь манай хөтөлбөрийн гол зорилго. Хүүхдийн мэдлэг чадвар, хандлагыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд орох сургалтууд бүгд хичээлийн бус цагаар явна. Дөрвөн жилийн турш үргэлжлэх хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд спортын салбар руу ороход бэлтгэгдсэн шилдэг боловсон хүчнүүд төрөн гарах юм. Цаашид олон улсын хэмжээнд ахисан түвшний боловсрол олгохын тулд англи хэлний сургалтад онцгойлон анхаарч байгаа. Хөтөлбөр маань нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн төсөвтэй. Бэлтгэгдсэн боловсон хүчнүүд маань заавал жюү-жицүгийн холбоонд ажиллах биш, шаардлагатай бусад газарт ч ажиллаад явах болно” хэмээн ярив.

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД