ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРАГЧИД АЛДАРТ ТАМИРЧИДТАЙ ХАЛУУН ДОТНО УУЛЗАЛТ ХИЙВ
Уулзалтын үеэр М.Намуун “Миний хувьд анх хүнд дээрэмдүүлсний дараа биеэ хамгаалж сурах зорилгоор боксоор хичээллэж эхэлсэн. Шилжилтийн насандаа өөрийгөө хэнд ч хэрэггүй юм шиг санах, хийх юмгүй дэмий сэлгүүцэх үе зөндөө л байсан. Харин боксоор хичээллэж эхэлснээр зорилготой, тэмцэгч болж эхэлсэн.
Боксчид гэхээр л хөхөрсөн нүдтэй, далийсан хамартай хүмүүс байдаг гэж олонх нь боддог байх. Гэхдээ бүх арга техникийг эхнээс нь зөв сурвал ийм болохгүй. Нөгөөтэйгүүр охидууд биеийн галбир эвдэрчихнэ гэж айх хэрэггүй. Харин ч төгс бие галбиртай болдог” хэмээн ярилаа.
Түүнчлэн Ч.Дөлгөөн “Би багаасаа бүжиглэх дуртай байсан. Манай ангийн хүүхдийн ах бүжиглэдэг байсан болохоор гуйсаар байгаад бүжиг заалгуулж байлаа. Бүжиг сурч эхэлснээс хойш миний амьдралд олон шинэ өнгө нэмэгдсэн. Бүжгээс маш их кайф, аз жаргал авдаг. Бүжгээр хичээллэж эхэлснээс хойш бусадтай нээлттэй харилцдаг болсон, эрүүл чийрэг бие бялдартай болсон гээд давуу тал их. Тиймээс та бүхэн бүжгээр хичээллэж үзээрэй гэж зөвлөе. Брэйкинг олимпын хөтөлбөрт багтсан нь олон бүжигчдэд урам өгсөн” хэмээсэн юм.
Уулзалтын үеэр сурагчид сонирхсон асуултаа тэднээс асууж, халуун дулаан яриа өрнүүлэв. Мөн М.Намуун боксын арга техникээсээ зааж, цохилт хийлгүүлсэн бол шүүгч О.Мандахбаяр боксын шүүлтийн онцлог, онооны талаар тайлбарлаж өгөв. Мөн Ч.Дөлгөөн бүжгийн үзүүлбэр хийж сонирхууллаа. Сурагчид тус уулзалтын дараа спортоор хичээллэх хүсэл төрж байгаагаа илэрхийлж байв.
Дараагийн уулзалт маргааш Монгол 3-р сургууль дээр болох бөгөөд энэ удаа олимпын наадамд оролцсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээгийн тамирчид сурагчидтай уулзана.