0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Жэндерийн тэгш байдлыг хангах, олимпын хөдөлгөөн дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх ОУОХ-ны бодлоготой нийцүүлэн МҮОХ дүрмэндээ өөрчлөлт орууллаа.

Өнөөдөр явагдсан Гишүүдийн хурлын үеэр дүрмэнд хэд хэдэн өөрчлөлт оруулсны нэг нь МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хоёроос доошгүй нь эмэгтэй хүн байна гэх заалт байв. Энэхүү өөрчлөлт батлагдсанаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хамгийн багадаа хоёр эмэгтэй гишүүнтэй байх боломж албан ёсоор бүрдэж байна.

ОУОХ-ны 2025 он хүртэлх стратеги төлөвлөгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэх талаар тусгаж, үүнийгээ тун амжилттай хэрэгжүүлж буй. Тухайлбал, 2013 онд 21 хувьтай байсан ОУОХ-ны гишүүдэд эзлэх эмэгтэйчүүдийн хувийг 38 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Энэ зорилго өдгөө даван биелж, ОУОХ-ны гишүүдийн 47.7 хувь нь эмэгтэйчүүд болоод буй.

Мөн оролцогчдын 48.8 хувь нь эмэгтэйчүүд байснаараа “Токио-2020” нь жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон олимп болсон. Түүнчлэн “Лондон-2012” олимпод холимог хосын тэмцээний тоо найм байсан бол “Парис-2024” олимпод энэ тоог 24 хүртэл өсгөхөөр төлөвлөсөн гээд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог дэмжсэн бодлого, шийдвэрүүдийг ОУОХ-ноос гаргасаар байна.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД