NOC NEWS
http://trendshop.mn/NOCNEWS.pdf
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал V сарын 19-ний даваа гаригт “Олимпик хаус”-т болно. Тус зөвлөл нь 11 гишүүнээс бүрддэг.
* * *
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нар “Олимпизм ба биеийн тамир, спорт-ковид 19” сэдэвт цахим сургалт-семинат оролцож, олимпийн зөвлөл, танхимын мэргэжилтнүүд, биеийн тамирын багш нарын тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн семинар нь Олимпизмийн үндсэн зарчмууд ба Олимпийн соёл, боловсролыг сурагчдад эзэмшүүлэх асуудал, Сурагчдын бие бялдрын чанаруудыг хөгжүүлэх нь, Монгол улсын биеийн тамир, спортын орчин үеийн түүхэн хөгжлийн онцлог, Олимпийн зөвлөл, танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудал, Хувь хүний тогтвортой хөгжил зэрэг сэдвийн хүрээнд нээлттэй өрнөсөн бөгөөд нийт оролцогчдын 98% нь сургалтын зохион байгуулалт, агуулга, үр дүнд “сайн” үнэлгээг өгөв.
* * *
Олон улсын олимпийн өдрийг угтаж, “Спорт олимпийн одод ба “Токио-2020”, “Бээжин-2022” сэдэвт гар зургийн уралдааныг зарлав. Ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчид оролцох бөгөөд V сарын 10-наас VI сарын 10-ны өдрийн хооронд МҮОХ-д бүтээлийг хүлээн авна. (Дэлгэрэнгүйг www.olympic.mn цахим хаягаар авна уу)
МОНГОЛЫН СПОРТЫН ХОЛБООД
Жүдо бөхийн шигшээ багийн 75 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ багийнхан нэгдсэн бэлтгэл сургуулилтдаа Хандгайтад жигдэрлээ. Энэ удаа жүдогийнхон Казань-2021 Гранд Сламыг өнжсөн боловч VI сарын 6-13-нд Будапешт хотноо зохиогдох олимпийн хамгийн өндөр оноо бүхий ДАШТ-д өрсөлдөх юм.
* * *
Лондон-2012 олимпийн мөнгөн медальт, өдгөө мэргэжлийн боксчин Н.Төгсцогт энэ сарын 29-нд Калифорниа мужийн Карсон хотод Мексикийн Л. Варгастай тулалдана. Н.Төгсцогт нь 2015 онд мэргэжлийн бокст шилжсэн бөгөөд 13 тулаанаас 12 (9 нь КО) ялсан амжилттай явна.
* * *
Монголын электрон спортын холбоо (MESA)-ны Ерөнхийлөгч Г.Эрдэнэчулуун нь МҮОХ-нд албан захидал ирүүлж, ОУОХ-ноос зарласан “Олимпийн виртуаль цуврал” тэмцээнийг эх орондоо зохион байгуулах үйл ажиллагаанд технологи, мэдлэг нөөцийн талаар идэвхтэй оролцоход бэлэн буйгаа илэрхийлжээ. ОУОХ-ны “AGENDA 2020+5” мөрийн хөтөлбөрийн #9 зөвлөмжид заасны дагуу энэхүү бодлогыг хэрэгжүүлэх үүднээс эхний ээлжинд бейсбол, эрт сэлүүрт завь, дугуй, авто спорт, дарвуулт завины төрлөөр дээрх цувралыг V сарын 13-наас VI сарын 23-нд дэлхий даяар зохиох юм.
* * *
Болгарын Софи хотноо өндөрлөсөн олимпийн эрх олгох дэлхийн сорилт тэмцээн V сарын 6-9-ний өдрүүдэд зохиогдож, 63 орны чөлөөт, сонгомол, эмэгтэй бөхчүүд оролцлоо. Монголын баг 5 тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдөж, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа нар Токио-2020 олимпод зодоглох эрх авчээ. Эмэгтэйчүүдийн баг анх удаа 6 (50 кг Ц..Намуунцэцэг, 53 кг Б.Болортуяа, 57 кг Б.Хонгорзул, 62 кг Х.Болортуяа, 68 кг С.Батцэцэг, 76 кг О.Бурмаа) хүний бүтэн бүрэлдэхүүнтэй Наран улсыг зорьж АНУ, Япон, ОХУ, Хятадын шигшээтэй эн зэрэгцсэн бол гурван эрэгтэй тамирчин (57 кг Э.Бэхбаяр, 65 кг Т.Тулга, 125 кг М.Лхагвагэрэл) олимпийн дэвжээнд барилдах боллоо.
* * *
Чех улсын Усти Над Лабем хотноо 1968 оноос хойш зохио байгуулагдаж буй 51 дэх удаагийн боксын Гран При тэмцээнд манай Үндэсний шигшээ баг оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд 18 орны 99 тамирчин өрсөлдөж, эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Цэндбаатар, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд О.Есүгэн нар алтан медаль хүртсэн байна. Харин 52 кг-д Х.Энхмандах, 57 кг-д Х.Энх-Амар, 75 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 51 кг-д Л.Алтанцэцэг нар мөнгөн медаль хүртжээ. Мөн 63 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Мишээлт нар хүрэл медаль хүртсэн байна.
* * *
Монголын жюүжицүгийн холбооны III их хурал V сарын 08-нд онлайнаар зохион байгуулагдаж, удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо. Тус хурлаар 13 гишүүн төлөөлөгчдийн олонхийн санал авч удирдах зөвлөлд сонгогдлоо. Монголын жюүжицүгийн холбооны гурав дахь Ерөнхийлөгчөөр РиоТинто компанийн зэсийн группийн өсөлт хөгжилт хариуцсан захирал С.Мөнхсүхийг гишүүд санал нэгтэй сонгосон байна. Түүнээс өмнө тус холбоог 2007-2017 онд Б.Мягмардорж, 2019-2021 онуудад Х.Эрдэнэбаатар нар удирдаж байв.
ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРОО
ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бах нь БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй V сарын 7-нд утсаар ярьж, “Бээжин-2022” өвлийн олимпийн бэлтгэл ажлын явц, БНХАУ дахь эдийн засгийн хөгжил, эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд гарч буй дэвшлийн талаар нухацтай хэлэлцэв. Ерөнхийлөгч Т.Бах Хятад улс нь эрүүл, аюулгүй амжилт дүүрэн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахын төлөө гаргаж буй үлэмж зүтгэлийг өндрөөр үнэлж, дэлхийн дархлаажуулалтын өргөн хүрээнд бусад оронд бодит туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв.
* * *
ОУОХ нь “Токио-2020” олимпийг угтаж, тэмцээн уралдааныг будлиантуулах, найраа хийх, нууц тохиролцох зохисгүй үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүднээс “Зөв шийдээрэй!” компанит ажил өрнүүлснээ мэдэгдэж, мэдээлэл хүлээн авах байнгын тусгай шугам (Нotline) нээснээ зарлав. Спортын шударга бус арга замаар тэмцээн уралдааныг зориуд будлиулах бохир үйлдлийг таслан зогсоох Олимпийн элч төлөөлөгчөөр Ж.Фильо (Бразил, волейбол), Р.Нельсон (Шинэ Зеланд, усанд сэлэлт), Т.Монтейро (Португал, жүдо), Л.Боуден (Австрали, волейбол), Л.Тейрпли (АНУ, хөлбөмбөг) нар томилогджээ.
* * *
Токио-2020 олимпийн наадмын найдвартай аюулгүй байдлыг бүрэн хянах зорилгоор ОУОХ нь АНУ-ын “Пфайцер”, Германы “Био-Н-Текс”компанийн удирдлагатай тэдний үйлдвэрлэсэн дархлаажуулалтын вакциныг Токио-2020 олимпод оролцох бүх орны баг тамирчдад хандивлах санамж бичигт гарын үсэг зурав. Тухайн орны ҮОХ нь Засгийн газартайгаа хамтран ажиллаж, дотоод зохицуулалтыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн байна. ОУОХ, Токио-2020 Зохион байгуулах хорооны бодлого нь олимпийн наадамд оролцох орон орны баг тамирчдыг Японд ирэхээс өмнө вакцинжуулалтад хамрагдахыг уриалж буй билээ.
* * *
ОУОХ-ны түнш “Lacoste” нь Токио-1964 олимпийг мөнхөлсөн дурсгалын хувцасны цуглуулгыг олон нийтэд танилцуулав. Дэлхийн алдартай бренд “Лакосте” олимпийн өв дурсгалыг залгамжлах үүднээс өмнө нь "Гренобль-1968", "Мехико-1968", "Лос-Анжелес-1984" олимпийн коллекц үйлдвэрлэсэн юм.
* * *
ОУОХ нь Олон улсын спортын холбоодын Ерөнхий Ассамблей (GAISF)-гаас зохион байгуулсан "Спортыг бэлгийн дарамт, хүчирхийллийн зохисгүй үйлдлээс сахин хамгаалах” сэдэвт цахим хэлэлцүүлэгт оролцов. Тус хэлэлцүүлэгт 42 байгууллагын 79 гишүүн оролцжээ.
* * *
Токио-2020 олимпийн наадмын нээлтээс 87, Паралимпийн наадмын нээлтээс 118 өдрийн өмнө буюу 4 дүгээр сарын 27-ны өдөр ОУОХ, ОУПХ, ЗБХ, Токио хотын захиргаа ба Японы засгийн газрын 5 талт уулзалтаар Олимпийн наадмын үеэр хэрэгжүүлэх аюулгүйн арга хэмжээний журмыг баталлаа. Журмын дагуу тамирчид, албан ёсны бусад мандааттай оролцогчид, үзэгч дэмжигчдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд ханган, ковид-19-ийн эсрэг бүхий л боломжит арга хэмжээг авч ажиллахаа мэдэгдлээ.
* * *
Ерөнхийлөгч Бах Олон улсын морин спортын холбоо(FEI)-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн , Бельгийн иргэн Ингмар Де-Фостой уулзав. Тэд Токио-2020 Олимпийн наадмын бэлтгэл ажил ба бусад сонирхсон асуудал хэлэлцжээ.
* * *
Ерөнхийлөгч T.Бах Лозанн хот дахь Олимпийн ордонд "Атланта-1996" Олимпийн наадмын оролцогч, Өмнөд Африкийн дугуйчин Д.Райдерийг хүлээн авч уулзлаа. Д.Райдер нь Олон улсын дугуйн холбоо (UCI)-ны Дэлхийн багт албан бүртгэлтэй Африк тивийн цорын ганц “Qhubeka ASSOS” багийн үүсгэн байгуулагч эзэн нь юм. Уулзалтын үеэр Д.Райдер нь Олимпод оролцогч тамирчдын дурсгалын хананд гарын үсгээ үлдээж , "Олимпиан" гэрчилгээ , энгэрийн тэмдгээ гардан авчээ.
* * *
ОУОХ-ны Ерөнхийлөгч нь Гишүүн Ю.Эрденертэй ОУОХ-ны Эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссийн үйл ажиллагаа, КОВИД-19 -ийн талаарх арга хэмжээ, вакцинжуулалт болон олимпийн бусад асуудлаар ярилцлаа.
* * *
ОУОХ, ОУПХ , Токио-2020 ЗБХ-ноос Олимпийн наадамд оролцогч бүх баг тамирчид , албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхний ягштал дагаж мөрдөх "Playbook-2" удирдамжийг 4 дүгээр сарын 27-ны өдөр шинэчлэн гаргалаа.
ОЛОН УЛСЫН СПОРТЫН ХОЛБООД
Олон улсын жүдогийн холбоо (IJF)-ноос “Парис-2021” Гранд Слам тэмцээн цуцлагдсаны дараа албан хүсэлтээ илэрхийлсэн “Казань-2021” Их дуулга тэмцээнийг зохион байгуулж, түүнд 79 орны 409 тамирчин өрсөлдөв. Одоо “Токио-2020” олимпийн өмнө ганцхан тэмцээн үлдсэн нь ирэх 6 дугаар сард Будапешт хотноо хөшгөө нээх ДАШТ юм.
* * *
Олон улсын хүндийг өргөлтийн холбоо (IWF)-ны түүхэнд анх удаа хүйсээ сольсон (трансжендер) тамирчин Л.Хаббард (Шинэ Зеланд) шинэ хуваарилалтаар олимпийн эрхийн болзлыг урьдчилан хангаад байна. Гучин таван жил эрэгтэй явсан тэрбээр 2012 онд хүйсээ солиулж, 2017 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртэж, 2019 онд VI байрт шалгарчээ. Гэвч эр хүний физиологитой эмэгтэй тамирчинг Токио-2020 олимпод оролцохыг олон орны холбоод эсэргүүцэж байна.
* * *
Олон улсын каратэгийн холбоо (IKF)-ны олимпийн оноо цуглуулах "Премьер лиг" тэмцээн Лиссабон хотноо амжилттай өндөрлөв.
* * *
Олон улсын туялзуур сэлэмний холбоо (FIE)-ны дэд Ерөнхийлөгч, Азийн туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч С.Дайрит нас нөгчжээ. Тэрбээр тивийн холбоог сүүлийн 15 жил тэргүүлсэн бөгөөд 1994-2004 онд Филиппиний ҮОХ-ны Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм.
* * *
Олон улсын усанд сэлэлтийн холбоо (FINA)-той зарга үүсгэсэн Хятадын тамирчин Сүнь Ян одоогоор Спорт арбитрийн шүүх( САS)-эд 600 мянган ам.долларын төлбөр хураамж төлжээ. Допингийн асуудлаар шалгагдаж буй Сүнь Яны шийдвэр VI сарын дундуур эцэслэх төлөвтэй ч нааштай шийдэгдсэн тохиолдолд Хятадын дотоод сорилтод өрсөлдөөгүй тул Токио-2020 наадамд улсаа төлөөлөх бас нэгэн маргаантай асуудал түүнд тулгарах шинжтэй.
* * *
Олон улсын усан спортын холбоо(FINA)-ноос Токио хотноо усанд үсрэлтийн Дэлхийн цомын тэмцээн 5 дугаар сарын 1-нээс 6-ны өдрүүдэд зохиогдож, 46 улсын 225 тамирчин оролцлоо. "Тацүми" усанд сэлэлтийн төвд болсон энэхүү тэмцээн нь олимпийн эрх олгох сорилт бөгөөд Токио-2020 наадамд нийт 136 усанд үсрэгч өрсөлдөх ажээ.
ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООД
Канадын ҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Трисия Смит гурав дахь удаагаа улиран сонгогдов. Өдгөө 64 настай хатагтай Т.Смит нь тус хороонд нийт 35 жил зүтгэж буй бөгөөд “Лос-Анжелес-1984” олимпийн урт сэлүүрт завины төрөлд мөнгөн медаль хүртэж байв.
* * *
Филиппиний ҮОХ-ны Ерөнхийлөгч Абрахам Толентино нь Токио-2020 олимпоос анхны аварга төрүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэгийн санд улс даяар идэвхтэй хандив өргөхийг уриалав. Одоогоор 110 сая хүн амтай Филиппин нь олимпийн наадамд 1924 оноос оролцож, хөнгөн атлетик, усанд сэлэлт, бокс, хүндийг өргөлтийн төрлөөр 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн амжилттай. МҮОХ, Филиппиний ҮОХ-дын гэрээ ёсоор Азийн чөлөөт бөхийн аварга, "Сөүл-1988", "Барселона-1992" олимпийн шагналт байрын эзэн ОУХМ Лодойн Энхбаяр 2000-2008 онд Манила хотод дасгалжуулагчаар ажилласан билээ.
* * *
Казахстаны ҮОХ түүхэндээ анх удаа эмэгтэй Дэд Ерөнхийлөгч Ю.Шаяхметоваг сонгов. Тэрбээр тус улсын гимнастикийн холбоог тэргүүлдэг ажээ. Казахстаны ҮОХ-ны 59%-ийг эмэгтэйчүүд эзлэх болсон. Түүнчлэн Казахстаны каноэ завины тамирчид түүхэндээ анхны 6 эрх хүртсэн амжилт гаргаж, 45 настай эмэгтэй завьчин Н.Сергеева нь 3 дахь удаагаа олимпод оролцохоор болжээ.
* * *
АНУ-ын ҮОХ нь шигшээ багийн тамирчдын дунд сэтгэл мэдрэлийн эрүүл мэндээ сахин хамгаалах сарын ажил өрнүүлж байна. Олимпийн шигшээ багийн эмч Ж.Бартли спорт ба гадаад ертөнцийг тэнцвэржүүлэх чиглэлээр голлон анхаарч буй талаар мэдэгджээ.
* * *
БНСУ-ын ҮОХ-ноос Токио-2020 олимпийн бадминтоны найдвар Ли Ён-Дэ коронавирус туссан тухай мэдээлэв. Тэрбээр “Бээжин-2008”, “Лондон-2012” эрэгтэйчүүдийн хосын төрөлд алт, хүрэл медаль хүртсэн юм.
* * *
Энэтхэгийн ҮОХ нь олимпийн эрх хүртсэн буудлагын багаа Хорват улс руу илгээв. "Бээжин-2008" олимпийн эрэгтэйчүүдийн хийн гар бууны төрөлд түрүүлж,Энэтхэг улсын спортын түүхэнд ганцаарчилсан төрлийн олимпийн анхны аваргаар тодорсон , энэ жил 39 настай А.Биндра тэргүүтэй 15 тамирчны бүрэлдэхүүнтэй баг Загреб хотноо бэлтгэл сургуулилтаа базааж байна.
* * *
Гүржийн ҮОХ-ны удирдлага нь чөлөөт, сонгомол бөхийн шигшээ багийнхантайгаа “Софи-2021” олимпийн эрхийн төлөөх дэлхийн тэмцээнд оролцохоос өмнө цахим уулзалт хийсэн байна. Гүрж тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу "Атланта-1996" олимпоос хойш нийт 32 (8+7+17) медаль хүртсэн бөгөөд бөхийн төрлөөр 3 алт, 4 мөнгө, 17 хүрэл медаль эх орондоо авчирчээ. “Софи-2021” сорилтод "Рио-2016" олимпийн аварга В.Хинчегашвили ковидын халдвар авснаар оролцох боломжоо алдаж, түүнийг орлосон О.Гогава эхний тойрогтоо ялагдал хүлээсэн байна.
* * *
Малайзийн ҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Закария нь “Токио-2020” олимпийн эрх авсан усанд үсрэлтийн тамирчин П.Памгад баяр хүргэв. П.Памга цар тахлын үед Токио хотноо зохиогдсон Дэлхийн цомын тэмцээний аваргаар тодорсон юм. Малайз нь "Лондон-2012", "Рио-2016" олимпоос усанд үсрэлтээр мөнгө, хүрэл медаль хүртэж байв.
* * *
Израилийн ҮОХ нь Токио-2020 олимпийн наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчиддаа гол найдлагаа тавьж байна. ОУОХ-нд 1933 онд гишүүнээр элсч, “Хельсинк-1952” олимпод анхлан оролцсон Израил улс түүхэндээ нийт 9 медаль хүртсэн. Үүнээс жүдо бөхийн төрөлд 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байна. Харин израильчуудын цорын ганц алтан медалийг дарвуулт завиар Г.Фридман хүртжээ.
* * *
Литвийн ҮОХ нь Неринга хотын захиргаатай хамтран Токио-2020 наадмын үеэр Нида амралт жуулчлалын газар Олимпийн фестиваль зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг арга хэмжээнд Неринга хотын оршин суугчид Токио олимпод өрсөлдөж буй д тамирчдаа дэмжихийн сацуу өөрсдөө олимпийн төрлийн спортоор хичээллэх зорилготой юм. Энэ олимпийн фестивальд Чех , Франц, ХБНГУ, Словак, Нидерланд, Швед, Румын , Словени улсын төлөөлөгчид оролцоххүсэлтээ илэрхийлжээ.
* * *
“Токио-2020” олимпийн наадамд оролцох Португалийн баг тамирчдын хувцас тус улсын загварын өдрөөр зарлагдлаа. Уг хувцасны зохион бүтээгч нь "Дисенсио" нь дэлхийд зартай "JOMA" спортын хувцасны компанитай хамтран бүтээсэн загвар нь үндэсний онцлогийг шингээж, шинэлэг бөгөөд чамин тансаг хийцийг илтгэн харуулахыг зорьжээ.
* * *
Сербийн ҮОХ нь "Олимп хүртэл 100 хоног" сэдэвт олимпийн соёлын үнэт ховор өв үзмэрээр үзэсгэлэн гаргажээ. Белград хот дахь Шинжлэх ухаан, урлагийн академид нээгдсэн үзэсгэлэн нь Олимпийн хөдөлгөөнийг олон түмэнд сурталчлах, Серб улс 1912- 2016 оны олимпийн наадамд оролцсон түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилго агуулжээ. Олимпийн эв санааны нэгдлийн туслалцаатайгаар үүд хаалгаа нээсэн тус үзэсгэлэнг Я.Секарич (Буудлага), Д.Савич (Усан бөмбөг), В.Грбич (Волейбол) , М.Мандич (Таэквондо) нарын олимпийн аваргууд үзэж сонирxcoн байна.
* * *
Венесуэлийн ҮОХ-ноос гурвын харайлтын тамирчин Юльмар Рохосыг Гиннессийн номд бүртгэснийг зарлалаа. “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Ю.Рохас нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Испанийн Мадрид хотод болсон тэмцээнд дэлхийн танхимын дээд амжилтыг 15.43 м болгон шинэчлэн тогтоожээ.
ТОКИО-2020
Японы Ерөнхий сайд Ё.Суга улс төрийн сонгуулийг олимпоос өмнө хийх саналыг няцааж, X сарын 21-нд товлосноо дахин баталгаажуулав. Тэрбээр олимпийн наадмаас өмнө улс төрийн элдэв үйл ажиллагааг явуулахгүй байхыг уриалжээ.
* * *
Японы 47 мужийн засаг дарга нарын дунд явуулсан санал асуулгаар Акита, Ибараки, Сайтама, Яманаши, Нагано, Шизүока, Тоттори, Оита, Окинавагийн тэргүүнүүд олимпийг цуцлах, хойшлуулах саналаа илэрхийлжээ. Сайтамад сагс, хөлбөмбөг, гольф, буудлага, харин Яманаши, Шизүокад дугуйн уралдаан зохиогдох хуваарьтай.
* * *
Фүкүока хотын иргэн, 118 настай буурал К.Танака Токио-2020 галт бамбарын буухиад эрүүл мэндийн шалтгаанаас оролцох боломжгүй болсныг ар гэр нь мэдэгдэв. "Рио-2016" зуны олимпод "Лала эмээ" хэмэгдэгч А.Мендеш (107 нас), Сочи-2014 өвлийн олимпод ахмад теннисчин А.Каптаренко (101) нар хамгийн өндөр настай буухиачдаар тодорчээ.
* * *
Токио хотын бүгчим халуунаас шалтгаалж, 800 км хол орших умард Хоккайдо мужийн Саппоро хотод олимпийн марафон, спорт алхааны тэмцээнийг шилжүүлсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногт эдгээр хотуудад олон улсын хагас марафоны уралдаан зохиогдож, Японы М.Ичияама , Кенийн Х.Кипкоэч нар түрүүлжээ. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн, "Москва-1980" олимпийн аварга С.Көү биечлэн ирж, сорилго тэмцээнд өндөр үнэлэлт өглөө.